Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хонгор тосгонд 450 хүн л үлдсэн гэв

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

"Гал үндэстэн", Хохирогчдын нэгдсэн холбооноос өнөөдөр дахин нэг мэдээлэл хийсэн нь Хонгор сумын асуудал байлаа. Тэд "Хонгорыг мартахгүй. Монгол Улс Хонгор улс болох ёсгүй" гэсэн бөгөөд Хонгороос хохирсон нэг хэсэг байхад хожсон нөгөө хэсэг байна гэсэн юм. 

Мөн "2007 он. Монгол оронд Хонгорын цианидын хордлого хэмээх аймшиг, гамшиг нүүрлэсэн билээ. Хэт уул уурхайжилтын галзуурал, хийрхэлд автсан, албан тушааплтнуудтай хуйвалдсан хятадууд цианид натри асгаж, тарааснаас болж, Хонгор сумын хүн ард, буянт мал сүрэг хордон сүйрч, түмэн зовлонд унасан билээ.

Найман настай балчраас 80 настай хөгшид хүртэл янз бүрийн өвчин эмгэгт нэрвэгдэж, 60 хүүхэд зулбаж, гаж хөгжилтэй хүүхэд, төл төрж, хорт хавдар үлэмжхэн ихээр тархаж, амьдрах орчин, алхах хөрс, ангаа тайлах усгүй болсон. Тосгоны 1000 хүнээс 450 үлдэн, бусад нь даруй дүрвэсэн. Тус сумын 2529 хүн амаас 90 нь хордлогоос үүдсэн хорт хавдраар нас барж, 30 хүн мөн шалтгаанаар үхлээ хүлээн өдөр хоногийг өнгөрөөж байна.

Хонгор тосгоны 1000 хүнээс 450 үлдэн, бусад нь даруй дүрвэсэн.

Тэр ч бүү хэл нэг айлын дөрвөн хүн хорт хавдраар өөд болсон тохиолдол гарсан. Хонгорын хохирогчдын хөдөлгөөний удирдагч ч эрүүл мэнд нь доройтон, гэр бүлийнхэн нь мөн хорт хавдраар өвчилж, тэмцлээ үргэлжлүүлэхэд бэрхтэй болсон" гэсэн 

Мөн эрх баригчид Хонгорыг мартуулахыг зүсэн зүйлээр оролдож ирсэн. Хонгорыг мартуулах гэж нүгэл үйлдсэн бүхэн дэвшиж дээшилсэн байдаг. Тэдний тод жишээ нь, Хонгорын хордлогын гол буруутан гэгддэг, Дархан-Уул аймгийн засаг дарга асан Д.Хаянхярваа "Хордлого гараагүй, мөнгөн ус, цианид илрээгүй, хүн амыг нүүлгэх шаардлагагүй" гэж мэдэгдэж байдлыг даамжруулж байсан байдаг.

Түүнийг хороон дарга ч хийх эрхгүй нэгэн гэж нутгийн ардууд хэлдэг юм билээ. Хонгорыг мартуулах гэж хамуу, тэмбүү гарсан гэж хүн ардыг нь гүтгэн доромжилж, хамаа намаагүй өвчтэй хүмүүсийн шээс дээж зөөвөрлөн авчирч будлиантуулж, үнэнийг илчлэх гэсэн иргэний хөдөлгөөний хүнийг буудаж ч байсан гэлээ.

Тэдний хэлж буйгаар Монголд Хонгор шиг газрууд олширсоор байгаа бөгөөд үүнийг таслан зогсоох хэрэгтэй гэсэн юм. Тиймээс Хонгорыг мартахгүй, Монгол Улсыг Хонгор улс болгохгүйн төлөө эвлэлдэн нэгдэхийг иргэний хөдөлгөөнийхөн уриалаа.