Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айчилна

ikon.mn
2014 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдө/ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Хөрөнгө оруулалтын корпорацийн ТУЗ-ийн дарга Дин Сюедун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ван Сяолун болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд Шанхай хотноо болсон Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны тодорхой асуудлаар санал солилцсныг дуулгаад, ялангуяа дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хятадын тал дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлсэн юм.

Мөн хоёр талын төлөөлөгчид нүүрс боловсруулан хий үйлдвэрлэх  төслийн талаар харилцан санал солилцов.

Ноён Дин Сюедун БНХАУ-ын Хөрөнгө оруулалтын корпорацийн талаар товч танилцуулаад, нүүрснээс газ гаргаж авах төслийг хэрэгжүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана  гэдгээ мэдэгдлээ.

З.Энхболд: 8-р сард БНХАУ-ын төрийн тэргүүн манай улсад айчилна. Энэ үеэр нүүрснээс хий гарган авах үйлдвэрийн шавыг тавих төлөвлөгөөтэй байна.

Түүнчлэн энэхүү төслийг хэрэгжүүлэхэд 30 тэрбум ам.доллар шаардлагатайг дуулгаад, Монгол Улсын Их Хурлаас татварын хөнгөлөлт болон бусад талаар  туслалцаа дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Мөн гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар Хөрөнгө оруулалтын тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсанд талархаж буйгаа илэрхийлээд цаашид Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хүсэлтэй байна гэдгээ мэдэгдэв.

УИХ-ын дарга ирэх 8-р сард БНХАУ-ын төрийн тэргүүн манай улсад айчилна. Энэ үеэр нүүрснээс хий гарган авах үйлдвэрийн шавыг тавих төлөвлөгөөтэй ажиллаж байна гээд, цаашид эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх томоохон төслүүдэд Хятад Улстай хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм.