Европын газрын зурагт дөрвөн шинэ улс нэмэгдэх үү
Хөгшин Европ энэ морин жилд газрын зурагтаа өөрчлөлт оруулж, бие даасан тусгаар улсынхаа тоог дөрвөөр нэмж магадгүй.
Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсаас Шотланд, Гренланд Даниас, КаталонИспаниас, Өмнөд Тироль Италиас салан тусгаарласнаар эл уйл явц болох аж.
Шотландыг алдах нь Британид ашиггүй
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон өнгөрсөн долоо хоногт шотландуудад нэгэн хүсэлт илгээжээ. Тэрбээр “Бид хамтдаа нэг том хүчирхэг брэнд. Эндээс Шотландыг салгана гэдэг яг үнэндээ Туид мөрөн /Англи, Шотландын хилийг заагласан урсдаг/-ий усыг Хойд тэнгис рүү цутгах замыг таг хаасантай адил хэрэг болно” хэмээн Нэгдсэн хаант улсын бүрэлдэхүүнээс бүү гараач, гурван зууны турш амьдарч ирснээрээ хамтдаа байя гэсэн гуйлтыг Шотландын ард түмэнд хаягласан байна. Ийм хүсэлтийг тэрбээр нэг биш удаа тавьж буй юм.
Нэгдсэн хаант улсын бүрэлдэхүүнээс бүү гараач, гурван зууны турш амьдарч ирснээрээ хамтдаа байя гэсэн гуйлтыг Шотландын ард түмэнд хаягласан байна.
Учир нь ердөө долоон сарын дараа Шотланд Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнээс бие даан тусгаарлах түүхэн хугацаа тохиож магадгүй. Шотланд бие даасан тусгаар улс болох нь зөв үү гэсэн бүх нийтийн санал асуулгыг ирэх есдүгээр сарын 18-нд хийхээр товлосон.
Санал асуулгын дүнгээс шалтгаалж асуудлыг шийднэ хэмээж буй тул Ерөнхий сайд ийн ойр ойрхон хандаж, ард иргэдээ сайн бодож үзээрэй хэмээн царайчлаад буй хэрэг аж. Шотланд тусгаар улс болох цаг хугацаа ойртох тусам Британи чамгүй ихээр сандарч, энэ үйл явцыг сааруулах хүсэлтэй байгааг Дэвид Кэмероны үг гэрчиллээ хэмээн Шотландын Үндэсний намын тэргүүн Алекс Сэлмонд мэдэгдсэн.
Түүний хэлснээр Кэмероны үг бүх англичуудыг үтэр түргэн утсаа авч Шотландад байдаг хамаатан садан, найз нөхөд рүүгээ залгаж, ирэх есдүгээр сард салан тусгаарлахын эсрэг санал өгөөрэй хэмээн гүйхэд хүргэх ёстой гэнэ.
Шотланд тусгаар тогтносноор Их Британийн хүн ам дор хаяж 5,2 саяар буурна. Түүнээс гадна эдийн засгийн хувьд ч алдагдал хүлээж таарах юм. Учир нь Шотланд бүх салбараа жигд хөгжүүлэх эдийн засгийн нээлттэй бодлого баримталдаг бөгөөд Их Британи төдийгүй баруун Европт хүнд үйлдвэрийн хөгжлөөрөө тэргүүлдэг.
Усан онгоц, төмрийн үйлдвэр сайн хөгжсөн, байгалийн баялаг тэр дундаа нүүрсний уурхайгаас олох ашиг нь тун өндөр. Мөн Шотландын нийслэл Эдинбург нь Европын эдийн засгийн томоохон төвийн нэг гэдгээрээ Лондон, Парис, Цюрих, Амстердам, Франкфуртын дараа бичигддэг.
Дэлхийн хэмжээний том компаниудын төлөөлөгчийн газрууд, банкны томоохон энэ хотод олноороо байрладаг. Шотландууд виски, электрон бараагаараа алдартай, экспортын гол бүтээгдэхүүн нь болдог бөгөөд АНУ, Голланд, Герман, Францтай гадаад худалдааны салбарт голчлон хамтардаг гэхчилэн бие даасан тохиолдолд бусдын гар харахааргүй эдийн засгийн чадавхитай юм.
Харин эдийн засгийн ийм том талбараа алдах нь Британийн хувьд хохиролтой. Хамгийн гол алдагдал нефтийн салбарт ногдох юм. Мөн хэдэн тэрбумыг зарж байж шумбагч онгоцны шинэ баазуудыг байгуулах хэрэгтэй болно гэхчилэн Шотланд үндсэн суурь нь болдог олон салбарт бүгдийг тэгээс эхлэхээс аргагүйд хүрэх юм. Энэ бүгд хэдэн тэрбумаар тоологдох ашиг орлогыг нь хаахаас гадна зарлага, зардлаас өөрийг ярих аргагүй хэдэн жилийг үдэх болно гэдгийг Британийн Засгийн газар тун сайн ойлгож байгаа. Тиймээс Дэвид Кэмероны Засгийн газар Шотландыг Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнээс гаргахгүйг хичээж буйг нь буруутгах аргагүй.
Гэхдээ сүүлийн хэдэн сарын турш явуулсан судалгаагаар шотландчуудын дийлэнх нь тусгаар улс болохыг дэмжих дүн гарсан байна. Үүнд мэдээж хэрэг олон зүйл нөлөөлж байгаа.
Шотландын Үндэсний намынхан улс төр, эдийн засгийн хувьд бие дааснаар бүхнээс түрүүнд ард иргэд хожно гэдгийг илүүтэй сурталчилж буй.
Шотландын Үндэсний намынхан улс төр, эдийн засгийн хувьд бие дааснаар бүхнээс түрүүнд ард иргэд хожно гэдгийг илүүтэй сурталчилж буй юм. Тухайлбал, төрөөс олгохоор амласан тэтгэмжийн хугацааг нэг жилээр наашлуулснаар дор хаяж 200 мянган гэр бүлд хүүхдийн мөнгө нэмэгдэх амлалт өгч байгаа. Тэд бизнесийнхнийг талдаа татахын тулд татварыг бууруулах замаар эдийн засгийн хөгжилдөө ахиц гаргахын хамт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэх боломжтой хэмээжээ.
Мөн Хойд тэнгис дэх нефтийн нөөцөө өөрсдөө ашиглаж болно, байгалийн хийн батлагдаагүй ч багагүй нөөц байгаа нь Шотландын эдийн засагт шууд нөлөөлөх хөрөнгө оруулалтыг татаж чадна гэдгийг илүүтэй сурталчилж байгаа аж. Түүнээс гадна тэдний амлалтын нэг чухал хэсгийг Клайд дахь баазаас атомын шумбагч хөлгүүдийг гаргах тухай асуудал эзэлж буй гэнэ. Тусгаар улс болохыг эсэргүүцэгчдийн талынхан харин огт өөр зүйлээр сурталчилгаа явуулж байна.
Тэд Нэгдсэн улсын бүрэлдэхүүнээс гарснаар Шотландад амьдрал сайжрахгүй. Харин ч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсч, ядуурал нүүрлэнэ хэмээн айлгаж эхэлжээ. Шотландууд англи хүмүүсээс ч илүү амьдарч байгаа, тэд англичуудаас хамаагүй их тэтгэмж төрөөс авдаг гэдгийг батлах замаар хүмүүст нөлөөлөхөөр тооцоолжээ. Энэ мэтчилэн Шотландын тусгаар тогтнолыг тойрсон элдэв асуудал өдөр ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна.
Шотланд тусгаар тогтносны дараа чухам ямар мөнгөн тэмдэгт хэрэглэх вэ гэдэг дээр харин талууд нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байгаа. Алекс Сэлмондын талынхан фунт стерлингээс салах бодолгүй байгаагаа илэрхийлсэн ч нэгэнт бие даасан тусгаар улс болж буй нөхцөлд өөрийн гэсэн шинэ мөнгөн дэвсгэрттэй болох ёстой хэмээн зөрүүдлэгсэд ч чамгүй олон байгаа. Мөн есдүгээр сарын бүх нийтийн санал асуулгаар асуудал шийдэгдэж Шотланд бие даасан улс болсон цагт Европын холбоонд гишүүнээр нэгдэж, еврогийн бүст автоматаар хамрагдах ёстой хэмээн үзэж буй хэсэг ч бий. Гэхдээ Брюссель Шотландын тусгаар тогтнолын эсрэг байр суурьтай байгаагаа нуух хүсэлгүй байна.
Түүнчлэн салан тусгаарласан нөхцөлд ч Европын холбоонд гишүүнээр нэгдэх үйл явц Турк, Серб зэрэг бусад орнуудтай адил замыг туулах учиртай. Түүнээс автоматаар шууд элсүүлэх тухай яриа байхгүйг илэрхийлэн Европын холбооны Засгийн газар ирэх гурав, эсвэл дөрөвдүгээр сард албан ёсны мэдэгдэл хийх юм билээ.
Бие даах бүрхэг мөрөөдлийн Гренланд
Гренландыг тусгаар улс болгохыг мөрөөдөгчдийг нэлээд бүрхэг ирээдүй хүлээж болох талтайг эдийн засагчид онцолж, биелэхэд бэрх хэмээн дүгнэж байна. Түүнээс гадна Скандинавын орнуудаас бүгдээс нь төлөөлөл багтсан судлаачдын багийн 13 гишүүн Даниас өрх тусгаарласан Гренланд байгалийн баялаг дээрээ тулгуурлан толгой өвдөхгүй хөгжинө гэдэг нь хэтэрхий хийсвэр гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрчээ. Данийн “Politiken” сонинд бичсэнээр Гренланд Копенгагенаас авдаг тэтгэмжгүйгээр амьдрахад бэрх гэнэ. Данийн вант улсын Засгийн газраас Гренландад жил бүр 3,6 тэрбум дани крон буюу ам.доллараар тооцоход 655 саяыг өгдөг.
Энэ нь нийт Данийн вант улсын жилийн төсвийн гуравны хоёртой тэнцдэг. Тиймээс Гренланд бие даан хөгжинө хэмээн зүтгэж энэ хэмжээний татаасаас татгалзаж чадлаа гэхэд хөл дээрээ бостол наад зах нь 25 жил бүсээ чангалан зүтгэхэд хүрнэ. Гэхдээ энэ хугацаанд асар их гэгдэж буй ашигт малтмалын нөөцөө ашиглах 24 том уурхайг байгуулж чадвал шүү дээ. Ийм нэг уурхай байгуулахад дор хаяж таван тэрбум крон хэрэгтэй. Түүнээс гадна хамгийн том хүндрэлийг ажиллах хүчний хомсдол авчирна. Учир нь Гренландын хүн ам ердөө 57 мянга.
Энэ арал их хэмжээний газрын тос, байгалийн хий, зэс, никел, молебдин, хром төмөр, цайр, тугалга, ураны хүдрийн нөөцтэйгөөс гадна алт болон эрдэс бодисоор баялаг. Эдгээрээс хамгийн их анхаарал татаж буй нь газрын ховор элементийн том ордууд юм. Хайгуулчдын урьдчилан тогтоосноор Гренландад газрын ховор элементийн дэлхийн нөөцийн 9,16 хувь нь бий. Гэхдээ энэ бүгдийг Гренланд Данийн оролцоогүй дангаараа захиран зарцуулж хөгжинө гэдэг амар биш.
Гренланд арлыг 875 онд нээж, 1721 оноос Дани улс эзэмших болсон юм.
Тэр утгаараа гүйцэтгэх засаглалыг нь Данийн Засгийн газраас томилсон амбан захирагч хэрэгжүүлдэг. Гэхдээ автономит улсын хувьд өөрийн гэсэн парламент, Засгийн газартай. Дани Гренландыг өөрийн колони гэдгийг 1776 онд зарласан бөгөөд 1979 онд албан ёсоор вант улсын бүрэлдэхүүн дэх автономит улс болгосон ч арлыг удирдах эрх Данийн хатан хаан II Маргаретэд хэвээр үлдсэн юм.
Хэрэв Гренланд бие даасан тусгаар улс болж чадвал дэлхийн хамгийн том тусгаар тогтносон арал болно.
Харин 2008 онд гренландуудын 76 хувь нь тусгаар тогтнохын төлөө санал өгчээ. Тиймээс Данийн парламент 2009 онд Гренландын хууль тогтоох болон бодлого тодорхойлох эрхийг хуульчилж, нэг үгээр гренландууд өөртөө засан тохинох эрхээ өргөжүүлж чадсан юм.
Гэхдээ Копенгаген гадаад харилцаа, батлан хамгаалах, аюулгүй байдал болон валютын урсгалд хяналт тавьсан хэвээрээ байгаа юм. Энэ мэтээр олон нөхцөл байдлын улмаас Гренланд бие даасан тусгаар улс болох мөрөөдөл бодитой хэрэгжиж, гэрэлт ирээдуйг авчирна гэхэд эргэлзэх хүн олон. Хэрэв тэд хүссэндээ хүрч чадвал дэлхийн хамгийн том тусгаар тогтносон арал болно.
Мадридаас хараат бус байхын тулд бүгдийг шинээр эхлэх хэрэгтэй
Шотландад ирэх намар болох бүх ард түмний санал асуулгыг Европ тивийн нөгөө өнцөгт буй Испанийн Каталон тун анхааралтай ажиглаж байгаа юм. Учир нь тэд Мадридаас хараат бус байхыг шотландууд Лондонгоос холдохыг хүсч буйгаас ч дутуугүй мөрөөдөж байгаа. Каталончууд тусгаар улс болох тухай бүх нийтийн санал асуулгаа ирэх арваннэгдүгээр сарын 9-нд хийхээр төлөвлөсөн.
Тэр үед каталончууд “Каталоныг улс болгохыг та хүсч байна уу”, “Хэрэв хүсч байгаа бол Каталон тусгаар тогтносон улс байх ёстой гэж та үзэж байна уу” гэсэн хоёр асуултад хариулах хэрэгтэй болно. Гэхдээ энэ санал асуулгыг Мадрид эрс эсэргүүцэж байгаа. Тэд хаант улсын бүрэлдэхүүнээс гарч бие даана гэдэг шийдвэрийг Каталоны парламент гаргах нь 1978 оны Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл хэмээж буй юм.
Каталончуудын хувьд ч энэ тал дээр эсрэг тэсрэг байр суурьтай байгаа. Парламетын гишүүдийнх нь 87 нь тусгаар тогтнолыг дэмжиж, харин 43 нь бүх зүйл хуучнаараа үлдэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн.
Каталон бие даасан тохиолдолд олсон орлого ашгаа өөрсдийн ард түмний сайн сайхны төлөө бүрэн бүтнээр нь зарцуулах боломж бүрдэнэ гэж үзэж буй гэнэ.
Салан тусгаарлах үзлийг дэмжиж буй хүмүүсийн дийлэнх нь Мадрид татвар нэрээр хурааж авснаасаа тун багыг татаас болгон өгдөг нь ил шулуухан хийж буй дээрэм хэмээж байгаа аж. Тиймээс Каталон бие даасан тохиолдолд олсон орлого ашгаа өөрсдийн ард түмний сайн сайхны төлөө бүрэн бүтнээр нь зарцуулах боломж бүрдэнэ гэж үзэж буй гэнэ.
Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид Каталон бие даасан ч гэсэн Европын холбооны гишүүнээр үлдэж, еврогийн бүст хамаарсан хэвээр байх ёстой гэж байгаа ч Европын холбооны Засгийн газар үүнийг нь боломжгүй хэмээн няцаажээ. Толгой даан амьдрахад нь эдийн засгийн талаас ч чамгүй том хүндрэл гарч ирэх магадлалтай. Хэдийгээр Каталон Испанийн ДНБ-ий 19 хувийг бүрдүүлдэг ч одоо байгаа том комианиудын дийлэнх нь тусгаар улс болсон тохиолдолд бүс нутгаас нь гарна гэдгээ илэрхийлээд амжжээ.
Тэдний нэг Испанийн хэвлэлийн магнат Хосе Мануэль Лара Бош Каталон тусгаар тогнолоо зарласан нөхцөлд Барселонд байгаа төв оффиссоо өөр хот РУУ нүүлгэнэ гэдгийг мэдэгджээ. Түүнээс гадна Каталон төрийн институцүүдээ бий болгох том ажилтай тулгарна. Энд хэдийгээр өөрийн гэсэн цагдаагийн байгууллагатай ч Төвбанк гэж байхгүй, дипломат алба гэхчилэн бие даасан улсад зайлшгүй байх учиртай бүтцийг бүгдийг шинээр бий болгох хэрэгтэй болох юм.
Бусдыг халамжлахаас залхсан Тироль
Италийн өмнөд хэсэгт орших өөртөө засах автономит эрхтэй Өмнөд Тиролийн оршин суугчдын дийлэнх олонх нь өнөөгийнх шигээ ядуу бас авлигад идэгдсэн өмнөд бүс нутгийг харж хандах үүргээс татгалзах хүсэлтэй байгаа юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Австриас булааж авсан Италийн энэ мужийн иргэдийн хүслийг ойлгоход тийм ч хэцүү биш. Өмнөд Тирольд ажилгүйдэл ердөө 4,0 хувьтай.
Энэ нь Европын хувьд хамгийн доод үзүүлэлт. Нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн систем нь Италид төдийгүй Европ даяар үлгэр жишээ болохуйц хөгжсөн. Тиролийнхон амьдралын түвшингээрээ ямагт бахархдаг. Жилд таван сая жуулчин хүлээж авдаг эндхийн цахилгаан станц Италийн хойд нутгуудыг бүрэн хангадаг гэхчилэн бие даахад нь нөлөөлөх сайн үзүүлэлт олон.
Төсвийн зардлаа 1 тэрбум еврогоор буулга гэсэн хатуу тулгалтыг Италийн Засгийн газар тавьсан нь Тиролийг бие даасан тусгаар улс болох тэмцлийг өдөөж буй том шалтгаан.
Гэхдээ тэд сүүлийн үед энэ давуу байдлаа алдах вий гэсэн айдаст автах болжээ. Тэд бусад италичууд шиг амьдрахыг хүсэхгүй байгаа юм. Ялангуяа арлын өмнөд хэсгийнхэнтэй адил болох вий гэхээс ихэд болгоомжлох болсон нь Италийн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогоос ихээхэн хамаарч буй. Хэт хатуу эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, зардлыг нь танаж эхэлсэнд тиролийнхон дургүй байгаа.
Уг нь энэ бүс нутгаас татвараар цугласан нийт хөрөнгийн 90 хувь нь татаас маягаар буцаж ирж байх ёстой атал харин ч эсрэгээрээ орлогын хуваарилалтыг өөрчлөхийг шаардахын хамт Тиролийг төсвийн зардлаа нэг тэрбум еврогоор буулга гэсэн хатуу тулгалтыг Италийн Засгийн газар тавиад буй гэнэ. Энэ бүхэн Өмнөд Тиролийг бие даасан тусгаар улс болох тэмцлийг өдөөж буй том шалтгаан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
