Мароккогоос Испани руу 24 цагийн дотор 60,000 дүрвэгч хууль бусаар хил нэвтэрснийг мэдээллээ
Сүүлийн нэг хоногийн дотор Африк тивийн хойд эрэгт оршдог Испанийн газар нутаг Сеута мужид хөрш Марокко улсаас 60,000 орчим дүрвэгч хууль бусаар нэвтэрснийг Мадридын албаны эх сурвалж мэдээлжээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр уг эмх замбараагүй үйл явдлын үеэр хамгийн цөөндөө 57 хүн нас барсан гэнэ.
Испанийн ерөнхий сайд Педро Санчес энэ үйл явдлыг “Манай улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан хэрэг” гэж мэдэгдээд үүнд хүний наймааны бүлэглэлүүдийг буруутгажээ.
Тус улсын дээд шүүх саяхан Сеута болон Африкийн эрэгт байдаг Испанийн өөр нэг нутаг дэвсгэр болох Мелильяд тэнгисээр хүрэхийг завдаад саатуулагдсан дүрвэгчдийг Марокко руу буцаах ёсгүй гэсэн дүгнэлт гаргасан нь гэнэтийн ийм том урсгалыг бий болгосон юм.
Баасан гарагийн орой гэхэд 48,000 дүрвэгч сайн дураараа Марокко руу буцсаныг Испанийн албаныхан мэдээлжээ.
Африк тивийн хойд эрэгт оршдог Сеута нь Гибралтарын хоолойгоор Испанийн эх газраас тусгаарлагдсан байдаг.
Уг нутаг дэвсгэр нь Африкаас Европт хүрэх зорилготой цагаачдын гол дамжин өнгөрөх цэг байсаар ирсэн. Ингэхдээ тэд хөрш Марокко улсын нутгаас хуурай замаар болон тэнгисийн усан замаар очдог.
Сеута болон Мелилья нь Европын Холбооны Африк тивтэй хуурай газраар хил залгадаг хоёрхон бүс нутаг юм.
Пүрэв гарагт олон мянган дүрвэгч Сеутагийн хилийг давсны дараа орон нутгийн эрх баригчид Мадрид дахь төв засгийн газраасаа тусламж хүсэж байв.
Хариуд нь Испанийн зэвсэгт хүчний ангиуд Сеутад дэг журам сахиулахаар болсон.
Сеута мужийн захирагч Хуан Хесус Вивас дүрвэгчдийн тоо тус бүс нутгийн нийт хүн ам болох 83,600 оршин суугчийн 70 орчим хувьтай тэнцэж байсныг мэдээлжээ.
Баасан гарагт Сеутад ирсэн Испанийн ерөнхий сайд Педро Санчес “Мароккогийн эрх баригчидтай хийсэн уулзалтын тэмдэглэлээс харахад хүний наймааны мафиуд дээд шүүхийн шийдвэрийг өөртөө ашигтайгаар тайлбарласан нь ийм зүйл болоход хүргэжээ” гэж хэлсэн байна.
Тэрбээр Мароккогийн талтай хилийн хамгаалалтыг чангатгах, хууль бусаар нэвтэрсэн хүмүүсийг буцаахад хамтран ажиллахаар болсныг мэдээлжээ.
Дүрвэгчид хуурай газрын хилийн хамгаалалтыг тойрон гарахын тулд ихэвчлэн эрэг орчмын тэнгисийн усаар сэлэх, хийлдэг завиар хөвөх зэрэг арга хэрэглэжээ.
Тэдний ихэнх нь залуу эрчүүд байсан бол бас эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан байна.
НҮБ-ын гаргасан мэдээллээс үзвэл энэ оны эхнээс долдугаар сарын 15-ныг хүртэл Сеутад 2,826 хүн, Мелильяд 181 хүн хил зөрчин орж иржээ.
Сеутагаас тарж буй зураг, бичлэгийг “цочирдмоор” гэж тодорхойлсон Италийн барууны үзэлтэй ерөнхий сайд Жоржиа Мелони ийм “хяналтгүй цагаачлал” Европын аюулгүй байдалд заналхийлж байгааг сошиал хуудсандаа анхааруулан бичсэн байна.
Баасан гарагт Итали улс Испанитай байгуулсан чөлөөт шилжилт хөдөлгөөний Шенгений хэлэлцээрээ түдгэлзүүлж буйг зарлажээ.
Хоёр улс хуурай газраар хил залгадаггүй тул энэ нь агаарын тээврээр зорчин ирж буй хүмүүст хамаатай бололтой.
Испанийн гадаад хэргийн сайд Италийн энэ арга хэмжээг “Европын эв нэгдэлд харш, зохисгүй үйлдэл” гэж шүүмжилжээ. Тэрбээр бас Баасан гарагт Мадрид дахь Италийн элчин сайдыг дуудаж уулзсанаа мэдээлсэн байна.
Шенгений бүс нь хоорондын хилийн хяналтаа цуцалсан Европын 29 улсыг хамардаг нээлттэй визийн систем юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

