Фронтын шугам руу илгээсэн Дмитрий Донскойн гарны яс алга болсон гэх мэдээллийг Оросын сүм хийдийнхэн няцаав
Украины зүүн хэсгийн Лиман хотын ойролцоогоос ухрах үедээ Оросын цэргүүд дундад зууны үеийн үндэсний баатар Дмитрий Донскойн шарилын хэсгийг орхиж явсан гэх мэдээллийг Оросын үнэн алдартны сүм хийдийн захиргаа няцаажээ.
Тус сүм хийдээс өнгөрсөн сард энэ түүхэн хүний шинээр олдсон шарилын үлдэгдлээс сэлэм барьдаг байсан баруун гарынх нь ясыг Украины фронт руу илгээсэн нь тэнд байлдаж буй цэргүүдэд урам зориг өгөх зорилготой байсан юм.
Дайныг дэмжигч "Alex Parker" хэмээх Telegram суваг Оросын цэргүүд Украины Донецк мужаас ухрах үедээ уг ариун шүтээнүүдийг алдсан байж болзошгүйг анх мэдээлжээ.
“Кремлевская Табакерка" хэмээх өөр нэгэн Telegram сувагт офицеруудын мөргөл үйлдэхээр цугларсан газар халдлагад өртсөний улмаас тэд ариун шүтээнийг орхин ухрахаас өөр аргагүйд хүрсэн гэж мэдээлсэн байна.
Аль ч сувгийн тараасан мэдээллийг Оросын албаныхан баталгаажуулаагүй юм.
Сүмийн олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах хэлтсийн орлогч дарга Вахтанг Кипшидзе төрийн мэдлийн "РИА Новости" агентлагт өгсөн ярилцлагадаа "Энэ бол худал мэдээлэл бөгөөд сүмийн эсрэг зорилготой тараагдаж байгаа нь тодорхой байна" гэж мэдэгджээ.
Дундад зууны үеийн их ван Дмитрий Донской 1380 онд Куликовын тулаанд Монголын жанжин Мамайн цэргийг ялсан гэж Оросын түүхэнд бичигдсэн байдаг. Оросын үнэн алдартны сүм хийд түүнийг 1988 онд гэгээнтнээр өргөмжилсөн юм.
Долдугаар сард Кремлийн Архангелийн сүмийг сэргээн засварлаж байсан мэргэжилтнүүд түүний бунхныг санамсаргүй илрүүлсэн гэдэг. Үүний дараа сүмийн захиргаа шарилын зарим хэсгийг Украинд тулалдаж буй Оросын цэргүүдэд илгээх санаачилга гаргаж байв.
Шарилын хэсгийг фронт руу илгээхийн өмнө ерөнхийлөгч Владимир Путин сүмд очиж мөргөл үйлдэхдээ олдвортой биечлэн танилцаж байсан юм.
Үнэн алдартны сүмийн талаар бичдэг сэтгүүлч Ксения Лученкогийн мэдээлснээр өмнө нь Гэгээн Николай, Муромын Гэгээн Петр ба Феврония, Крымийн Гэгээн Лук, Москвагийн Гэгээн Матрона зэрэг үнэн алдартны сүмийн бусад гэгээнтнүүдийн ариун шүтээнүүдийг фронт руу илгээж байжээ.
Сүүлийн үед Донецк мужид Украины цэргүүд сөрөг довтолж, Лиман хотын ойролцоох Оросын хяналтад байсан цэргийн байрлалыг устгаж, Славянск хот руу урагшилж буй Оросын ангиудыг бүслэх аюул учруулсан тухай мэдээ ирж байгаа.
Шүтээн алга болсон тухай мэдээлэл үүнийг баталж байгаа бололтой.
Батлан хамгаалах салбарын зөвлөх үйлчилгээ явуулдаг "Rochan Consulting" байгууллагын тооцооллоор Украины зэвсэгт хүчин 240 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрийг эргүүлэн авчээ. Украины армийн гуравдугаар корпусын командлагч Андрей Билецкий "Вивальди" хэмээн нэрлэсэн ажиллагааны үеэр анги нь Оросын 250 цэргийг олзлон авснаа мэдээлж байв.
"Оросын цэргүүд офицерууд, нисгэгчид, их буучидтайгаа хамт бүхэл бүтэн анги, салбараараа бууж өгсөн" гэж Билецкий энэ талаар мэдээлжээ.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
