Израилийн чиглэлд нисэж байсан 170 зорчигчтой онгоцны нэг нисгэгч нөгөөгөө хутгалж, онгоцоо сүйрүүлэхийг завджээ
Лхагва гарагт Арабын Нэгдсэн Эмират Улсаас Израилийн чиглэлд нисэж байсан 170 орчим зорчигчтой онгоцны нэг нисгэгч нөгөөгөө хутгалж, онгоцыг сүйрүүлэхийг завдсан хэрэг гарчээ.
Зорчигчид болон нисэх багийнхан халдлага үйлдсэн нисгэгчийг аюулгүй болгосноор уг онгоц Саудын Арабын нисэх буудалд амжилттай газардсаныг Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдээлсэн байна.
FlyDubai компанийн уг онгоц яаралтай тусламж хүссэн дохио өгч, нислэгийн өндөр нь огцом буурсан тул Израиль улс онгоц барьцаалах эрсдэл үүссэн байж болзошгүй гэж үзээд байлдааны онгоцнуудаа хөөргөхөөр бэлэн байдалд шилжүүлжээ.
Сошиал сүлжээнд зорчигчдын нийтэлсэн зураг, дүрс бичлэгт онгоцны шалан дээр цусанд хутгалдаж, шархадсан хоёр эрэгтэй хэвтэж байгааг харуулсан байна.
Хоёр хүн тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж байх зуур өөр хоёр хүн онгоцны нисгэгчийн бүхээгийг хамгаалан зогсож байжээ.
Халдлагыг зогсооход оролцсон хүмүүсийг “олон хүний амийг аварч, томоохон гамшгаас сэргийлсэн” гэж Израилийн ерөнхий сайд Нетаньяху магтсан байна.
Онгоцыг аюулгүй газардуулмагц Саудын Арабын тал халдлага үйлдэгчийг баривчилсан гэнэ. Халдлага үйлдсэн нисгэгчийн хувийн мэдээллийг эрх баригчид одоогоор зарлаагүй байна.
Онгоц хүрэх ёстой газраасаа наана, Саудын Арабын Табук хотын “Prince Sultan bin Abulaziz” олон улсын нисэх буудалд газарджээ.
Нетаньяху өмнө нь аюулгүй байдлын тодорхойгүй эрсдэлүүд нэмэгдэж байгааг анхааруулж байсан юм.
Тухайлбал Хамас зэвсэгт байгууллагын 2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр Израилд халдсан үйл явдлын гурван жилийн ой болоход долоо хоног үлдээд байгаа, мөн Израилд хэдхэн долоо хоногийн дараа сонгууль болох гэж байгаатай үүнийг холбон тайлбарлаж байв.
Дубай хотоос хөөрснөөсөө хойш хоёр цаг, хагасын дараа уг онгоц нэг хүрэхгүй минутын дотор өндрөө 10,000 метрээс 5,100 метр хүртэл огцом алдаж, Йорданы хилийн ойролцоо тогтворгүй тойрог үүсгэн ниссэнийхээ дараа Табук хотод газарджээ.
Нетаньяхугийн мэдээлснээр онгоц өндрөө алдаж эхлэхэд нэг зорчигч болон багийн нэг гишүүн нисгэгчийн бүхээгт дайран орсон байна. Энэ үеэр хоёр нисгэгч хоорондоо ноцолдож байжээ.
Зорчигчдын дунд Израилийн аюулаас хамгаалах болон агаарын нислэгийн аюулгүй байдлын албаныхан байсан гэнэ.
FlyDubai компани нисгэгчийн бүхээгт маргаан зөрчил гарсныг баталж, нислэгийн багийнхан нөхцөл байдлыг хяналтдаа авч, онгоцны чиглэлийг өөрчлөн аюулгүй газардуулсныг мэдээлжээ.
Табук хотын нисэх буудлын мэдээлснээр FlyDubai компанийн онгоц орон нутгийн цагаар 08:44 цагт тусламж хүссэн дохио өгч, 09:45 цагт газардсан гэнэ.
1960, 1970-аад оны үед Палестины зэвсэгт бүлэглэлүүд Израилийн зорчигч тээврийн онгоцыг барьцаалах явдал түгээмэл гардаг байсан. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд ийм хэрэг гараагүй нь Израил улс ч өөрийн хотуудыг чиглэсэн нислэгүүдийн аюулгүй байдалд онцгой анхаарал тавьдаг болсонтой холбоотой.
Саудын Араб улс нь Израильтай дипломат харилцаагүй бөгөөд 2022 оныг хүртэл Израилийн онгоцнуудыг нутаг дэвсгэр дээгүүрээ нисэхийг хориглодог байв.
Уг хориг цуцлагдсаны дараа 2023 онд цахилгааны гэмтэлтэй Израилийн онгоц тус улсад ослын буулт хийсэн нь анхны ийм тохиолдлуудын нэг болж байжээ.
2020 онд дипломат харилцаа тогтоосны дараа Арабын Нэгдсэн Эмират улс нь Израилийн иргэдийн аялж жуулчлах дуртай газруудын нэг болсон юм.
FlyDubai нь Emirates Airlines компанийн хямд үйлчилгээтэй салбар компани ажээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
