Өнөөдрийн байдлаар угсармал 59 орон сууцыг дулаалах ажил үргэлжилж байгааг мэдээлэв

Д.Янжиндулам, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын угсармал орон сууцнуудыг орчин үеийн стандартын дагуу шинэчлэх төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг(GIZ) болон Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба(УБЗАА) хамтран хэрэгжүүлж буй.

УБЗАА-наас мэдээлснээр өнөөдрийн байдлаар угсармал 59 орон сууцыг дулаалах ажлыг гүйцэтгэж байгаа бол 4 орон сууцыг дулаалж дуусжээ.

Энэ онд угсармал орон сууцнуудыг дулаалах төсөлд нийслэлийн төсвөөс ₮9.8 тэрбум, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас өнгөрсөн жилийнхтэйгээ нийлээд ₮16.5 тэрбум, GIZ ₮25.4 тэрбумын  санхүүжилтийг гаргаж байгаа аж.

Харин оршин суугчдаас санхүүжилтийн 25%-ийг авах тул угсармал орон сууцыг дулаалахдаа хамгийн түрүүнд оршин суугчид болон СӨХ-ноос зөвшөөрөх эсэх тухай санал авах ёстой байна.

Гал дэмждэггүй эрдэс хөвөнгөөр дулаалж, металл фасад хийснээр барилгын ашиглалтын хугацааг 30 жилээр уртасгах, эрчим хүчний хэрэглээг бууруулах, иргэдийн амьдрах орчны тав тухыг сайжруулах зорилготой байна.

Улаанбаатар хотод нийт 1,077 блок угсармал орон сууц бий. Эдгээрийг 2023 оноос эхлэн дулаалжээ.

2025 оны байдлаар 370 блок орон сууцыг дулаалсан бол 2025-2027 онд “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд нийт 210 орчим блок угсармал орон сууцыг дулаалахаар төлөвлөсөн бөгөөд 2025-2026 онд 115 блок орон сууцыг дулаалах юм байна.

Харин 2027 онд нийслэл хотын 200 орчим угсармал орон сууцыг шинэчлэхээр төлөвлөжээ.