Л.Алтангэрэл: Угсармал орон сууцны дулаалгын чанар, аюулгүй байдалд иргэд хөндлөнгийн хяналт тавьдаг
Улаанбаатар хотод нийт 1,077 блок угсармал орон сууц байдаг. Эдгээр орон сууцыг 2023 оноос эхлэн дулаалжээ. Ингэснээр эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэж, барилгын ашиглалтын хугацаа уртсах зэрэг давуу талтай байна.
Энэ тухай Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны(УБЗАА) Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл “Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 1,077 угсармал орон сууцыг үе шаттай дулаалж байна.
2025 оны байдлаар 370 блок орон сууцыг дулаалсан. 2025-2027 онд “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд нийт 210 орчим блок угсармал орон сууцыг дулаална.
Үүнээс 2025-2026 онд 115 блок орон сууцыг дулаална. Дулаалгад эрдэс хөвөн ашиглаж, металл фасад, хөнгөн цагаан рам барьж байна. Фасадаас гадна дээврийн дулаалга, дээврийг мембранаар солих, узель солих ажил хийгдэнэ. Дулаалгад эрдэс хөвөн ашиглаж байгаа нь их онцлогтой. Эрдэс хөвөн нь гал дэмждэггүй, насжилт удаан, чийг татах зэрэг хүндрэлтэй байдал үүсгэхгүй.
Нийслэлээс гал дэмждэг хөөсөн дулаалгыг зогсоож, эрдэс хөвөн, металл, чулуун фасад бүхий орчин үеийн чанартай материалаар барилга орон сууц дулаалж, барихыг дэмжиж байгаа. Үүний нэг жишээ бол энэхүү төсөл. Угсармал орон сууцны дулаалгын чанар, аюулгүй байдалд иргэд хөндлөнгийн хяналт тавьж байгаа” гэв.
Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 1,077 угсармал орон сууцыг дулаалснаар Дулааны 2 дугаар цахилгаан станцын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэхүйц хэмжээний дулааны эрчим хүчийг хэмнэх тооцоо гарчээ.
“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн ахлах мэргэжилтэн С.Түвшинхүү “Угсармал орон сууцны дулаалгын ажлын гүйцэтгэлд өдөр тутмын байнгын хяналт тавьж байна. Германаас мэргэжилтэн ажиллаж байна. Долоо хоног тутамд бүх барилгаа эргэж, чанартай материалуудыг технологийн дагуу хэрэглэж байна уу гэдгийг хянадаг.
Галд шатдаггүй эрдэс хөвөн материалтай 15 см зузаан дулаалгыг хананд технологийн дагуу бэхэлж суулгаж байна. Энэ харагдаж байгаа хөх өнгөтэй материал бол салхи нэвтрүүлдэггүй дотроос үүссэн чийгийг чөлөөтэй гадагш гаргадаг “амьсгалдаг тууз” гэж ч нэрлэдэг. Технологийн дагуу зааг завсаргүй бүрж, мөн металл өнгөлгөөг хийж байна” хэмээн ярилаа.
Угсармал орон сууцны дулаалгын ажлыг гүйцэтгэж байгаа "Буяннэмэх интер" ХХК-ийн захирал Б.Хишигбаяр “Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 5 блок байрны дулаалгын ажлыг гүйцэтгэж байна. Оршин суугчид тун сэтгэл ханамжтай, илүү дулаахан болсныг хэлж байна. Фасад засвар нэгдүгээр сараас эхэлсэн. Тавдугаар сарын 30-нд дуусгах төлөвлөгөөтэй байгаа”-г хэлэв.
Энэ онд угсармал орон сууцнуудыг дулаалах төсөлд нийслэлийн төсвөөс 9.8 тэрбум, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас өнгөрсөн жилийнхтэйгээ нийлээд 16.5 тэрбум, GIZ 25.4 тэрбум төгрөгийн санхүүжилт, иргэдээс санхүүжилтийн 25%-ийн төлбөрийг авч 100 орчим блок барилгыг шинээр дулаалах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



