Жованна Пиккаррета: Италийн урлагийн агуу их бүтээлүүдийг Монголын үзэгчдэд толилуулах сайхан боломж нээгдэж байна

П.Сайнжаргал, IKON.MN
29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн сор бүтээлүүдийг Итали улсаас эх орондоо авчирч “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг есдүгээр сарын 30-наас арваннэгдүгээр сарыг хүртэл үзэгч олонд толилуулахаар болжээ. 

Тусгай үзэсгэлэнгээр Италийн сэргэн мандалтын үеийн ноён оргилуудын нэг уран зураач Рафаэл Сантигийн хөрөг уран зураг болон барокко урлагийг үндэслэгч, алдарт уран барималч Жан Лоренцо Бернинигийн "Нептун" гэх хүрэл баримлыг үзэгч олондоо толилуулахад бэлэн болсныг Чингис хаан Үндэсний музейн куратор Ж.Дархижав хэллээ. 

"Дэлхийн сор бүтээлийн тэргүүнд тавигддаг сэргэн мандалтын сонгодог төлөөлөгч Рафаэл Сантигийн бүтээл Монголд тэр дундаа Азид анх удаагаа заларч байгаа.

Түүнчлэн барокко урсгалын шилдэг бүтээлүүдийн нэг Бернинигийн Нептун баримлыг залж байгаа. Чингис хаан музей байгуулагдсанаар дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдийг эх орондоо үзэх боломж бүрдлээ гэж ойлгож болно" гэдгийг Чингис хаан Үндэсний музейн ерөнхий захирал С.Чулуун хэллээ. 

Италийн Боргезе галерейн захирал, профессор Франческа Каппеллетти "Хамтын ажиллагааныхаа хүрээнд уран бүтээлчдийнхээ бүтээлээс хуваалцаж байгаадаа туйлын их баяртай байна.

Бидний хамтын ажиллагаа 2026 оноос эхэлсэн бөгөөд энэ хүрээнд Өндөр гэгээн Занабазарын хоёр бүтээлийг үзэгчдэд танилцуулсан байдаг. Энэ удаагийн солилцооны хүрээнд манай галерейн зүгээс Бернинигийн "Нептун" болон Рафаэл Сантигийн хөрөг зургийг толилуулж байгаа билээ" хэмээв. 

Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета "Энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа нь алсын хараатай үйл явдал болж байна. Италийн урлагийн агуу их бүтээлүүдийг Монголын үзэгчдэд толилуулах сайхан боломж нээгдэж байна гэж харж байна.

Энэхүү үзэсгэлэн нь урлагийн хоёр агуу бүтээлийг Монгол Улсад танилцуулахаас гадна торгоны замын мөрөөр хийгдэж байгаа соёл хоорондын уулзалт, Итали-Монгол, Өрнө-Дорно хоорондыг холбосон яриа хэлэлцээ юм" гэдгийг онцоллоо. 

Хөрөг зураг, хүрэл уран баримлын онцлог: 

Рафаэл Сантигийн хөрөг нь биеийн илүү хөдөлгөөн хийгээгүй, зөвхөн нүднийхээ харцаар өөрийн хүчирхэг байдлыг харуулсан гайхалтай зохиомж, шийдэл арга ажиллагаатай зураг. Олон зууны туршид урлаг судлаач, сонирхогчид энэ зургийг гайхан биширсээр ирсэн.

Зөвхөн нүдний харцаар хүний дотоод мөн чанар, хүчирхэг байдлыг илэрхийлж болдгийг үзэгчдийн өмнө Рафаэл өөрийнхөө арга барил, авьяас билгээр харуулсан билээ.  

Бэрнинигийн Нептун уран баримал нь эртний Ромын домогт гардаг тэнгисийн бурхан Нептуны дүр юм. Энэхүү уран баримал нь барокко урлагийн урсгалд харьяалагддаг. Тийм болохоор маш хүчирхэг бие бялдартай, хурц ширүүн хөдөлгөөнтэй тэнгисийг эзэгнэгч бурхны уур хилэн, догшин дүр төрхийг царай төрхөд нь хүрлээр маш нарийн дүрсэлж харуулсан онцгой уран бүтээл юм.

Нэг нь уран зураг, нөгөө нь хүрэл уран баримал хэдий ч хоёр бүтээл хоёулаа “хүч” хэмээх ойлголт дээр төвлөрснийг Чингис хаан Үндэсний музейн куратор Ж.Дархижав тайлбарлалаа.