Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордсон Ерөнхий сайд Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр үдэж өгчээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр (2026.09.27) морджээ.
Ерөнхий сайд Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдсэн байна. Айлчлал энэ сарын 27-30-нд үргэлжилнэ.
Айлчлалын хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийнэ. Хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн хөгжүүлэх, хүн төвтэй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцоно.
Япон Улсын парламентын хоёр танхимын дарга нарт бараалхаж, ЖАЙКА, ЖЕТРО байгууллагын удирдлага, Япон, Монголын Эдийн засгийн хороо болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзана. Мөн тус улсад оршин сууж буй монгол иргэдтэйгээ уулзахаар төлөвлөжээ.
Айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх боломж бүрдүүлэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
