"Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто зам дагуу гэрэлтүүлэг угсрах ажлын явц 40 орчим хувьд хүрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
32 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замын гэрэлтүүлгийн ажлыг өнгөрсөн сард эхлүүлжээ.

Өнөөдрийн байдлаар гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэл 40 хувьд хүрсэн бөгөөд авто замын дагуух гэрэлтүүлгийн шугам сүлжээ, тулгуур болон бусад шаардлагатай байгууламжийн угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэж буйг "Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

зураг
 

Тухайн чиглэлийн авто замын дагуух гэрэлтүүлгийн хүртээмжийг нэмэгдүүлснээр оройн болон шөнийн цагаар зорчиж буй иргэд, жолооч нарын аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, эрсдэлийг бууруулах, замын орчныг илүү аюулгүй болгоход ач холбогдолтой байна.

Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто зам дагуу гэрэлтүүлэгтэй болгох ажлыг энэ онд дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөс ₮3.3 тэрбумыг зарцуулахаар баталжээ.

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө нь авто тээврийн хэрэгслийн татвар, зам ашигласны төлбөр зэргээс бүрддэг билээ.