Ираны дайн Конгрессын завсрын сонгуулийн дараа шууд дуусахыг Трамп зөгнөжээ

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ираны дайн арваннэгдүгээр сард болох АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн дараа “шууд дуусах” төлөвтэй байгааг ерөнхийлөгч Трамп өчигдөр мэдэгджээ.

Учир нь Техраны эрх баригчид сүүлчийн аргаа хэрэглэж, уг сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг хичээж байгаа бөгөөд үүнээс цааш АНУ-ын эдийн засгийн дарамт шахалтыг тэсвэрлэж чадахгүй гэж тэр үзэж байна.

“Тэд цаашдаа тэсэх боломжгүй болсон тул сонгуулийн дараа дайн шууд дуусна гэж би бодож байна. Тэд одоо сонгуулийн үр дүнд нөлөөлөхөд бүх чадлаа шавхаж байгаа” гэж Трамп өчигдөр Даллас хотод болох Бүгд Найрамдах Намын Үндэсний чуулган руу явахдаа сэтгүүлчдэд хэлжээ.

Трампын эхлүүлсэн дайн өнөөдөр долоо дахь сардаа үргэлжилж, ойрын хугацаанд дуусах шинж тэмдэг харагдахгүй байгаа.

Лхагва гарагт Техраны эрх баригчид Ормузын хоолойд зорчиж байсан ачаа тээврийн 10 хөлөг онгоцонд халдсанаа мэдээлжээ. Үүнийг АНУ-ын тал өмнө нь Ираны газрын тос тээвэрлэгч таван хөлөгт халдсаны хариу арга хэмжээ гэж тайлбарласан байна.

Ормузын хоолойд мөргөлдөөн хурцадсан тухай энэ мэдээний улмаас өчигдөр Брент төрлийн түүхий газрын тосны баррель тутмын фючерсийн үнэ $100 хүрсэн нь долдугаар сараас хойш хүрээгүй өндөр түвшин байлаа.

Ираны дайны сунжрал, амьжиргааны өртгийн өсөлт Америкчуудыг бухимдуулсны улмаас саяхан Трампын олон нийтийн дэмжлэг түүхэнд доод хэмжээндээ хүртэл унасан юм.

Энэ оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох Конгрессын завсрын сонгуулийн үр дүн ихэвчлэн Цагаан ордны эзэн хэн болохыг шийдэх бүх нийтийн санал асуулга болдог.

Сонгуулийн дараа газрын тосны үнэ бас шууд буурахыг амласан Трамп дайныг дуусгах дипломат арга зам боломжтой хэвээр байгаа ч үүнд найдахгүй байгаагаа илэрхийлжээ.

“Тийм ээ, яриа хэлэлцээ боломжтой, гэхдээ бид үүнийг нэн тэргүүнд тавихгүй байна” гэж Трамп хэлсэн юм.

 

Эх сурвалж: Reuters