ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай замын автобус төслийн трассыг Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Содон хороолол хүртэл сунгахаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Нийт хөрөнгө оруулалтыг 60-75 сая ам.доллар байхаар тооцоод буй тусгай замын автобус /BRT/ төслийн трасст өөрчлөлт оруулахаар болсон тухай холбогдох албаныхан өмнө нь мэдээлж байв.

2025-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй уг төслийн трасст өөрчлөлт оруулахыг төслийн Удирдах Хорооны гишүүд дэмжжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр Сүхбаатарын талбай орчмын төлөвлөлтийг зураг төслөөс хасаж, Ард Аюушийн өргөн чөлөө буюу ГССҮТ-өөс Содон хороолол хүртэлх чиглэлийн өргөтгөлийг зураг төсөлд тусгахаар болжээ. Ингэхдээ Улаанбаатар хотын баруун хэсгийн орон сууц, худалдаа, үйлчилгээний хөгжлийн чиг хандлага, хүн амын суурьшил, нийтийн тээврийн эрэлт хэрэгцээний өсөлт, Толгойтын авто замын бүтээн байгуулалт болон тухайн бүсийн цаашдын хөгжлийн төлөвлөгөөг харгалзан үзэхийг чухалчилсан байна. Үүний дагуу Тусгай замын автобус (BRT) төслийн коридорыг Ард Аюушийн уулзвараас Содон хороолол хүртэл сунгахаар болсон байна.

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийн эхний шатны тендерийг 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдөр хааж, тендерийн хоёрдугаар шатыг эхлүүлжээ.

“Тусгай замын автобус (BRT)” төслийн шугамыг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөсөн байна.

Санхүүжилтийн тухайд Азийн Хөгжлийн Банкны зээл нь 60 сая ам.долларын, SOFR+0.97% /~5.526%/ хүүтэй, нийт 25 жилийн хугацаатай, 5 жил нь үндсэн төлөлтөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй зээл байна.  Нийслэлийн төсвөөс 2026-2030 онуудад зээлийн хэрэгжүүлэлтийн хүү болон 0.15%-ийн амлалтын шимтгэл төлөгдөх бөгөөд 2031-2050 онуудад хүү болон зээлийн үндсэн төлөлт хийгдэх аж.