₮293 гаруй тэрбумаар баригдсан Багануурын батарей хуримтлуурын станц энэ онд 43 сая кВт/ц эрчим хүч нийлүүлнэ
Багануур дүүрэг дэх 50 МВт-ын батарей хуримтлуурын станц энэ оны наймдугаар сард төвийн системд 5.8 сая kВт/цаг эрчим хүч нийлүүлжээ. Улмаар энэ онд 43.1 сая кВт/ц эрчим хүч нийлүүлэхээр төлөвлөсөн болохыг мэдээлэв. Станцын үйл ажиллагааг Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци ХК хариуцдаг байна.
Сануулахад 2024 онд Багануур дүүрэгт 50 МВт-ын батарей хуримтлуурын станцыг БНХАУ-ын "Энвижн Энержи" компани барьж, тухайн оны арванхоёрдугаар сараас эхлэн төвийн бүсийн нэгдсэн системд цахилгаан эрчим хүч нийлүүлж эхлээд буй.
Багануурын батарей хуримтлуурын станц нь шөнө эрчим хүчний хэрэглээ багатай үед илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, өдрийн оргил ачааллын үеэр нийлүүлдэг байна.
Өөрөөр хэлбэл өдрийн оргил ачаалал, шөнийн бага ачааллын хооронд 300-400 МВт эрчим хүчний зөрүү гардаг бөгөөд үүнийг хуримтлуулж эрчим хүч бэлтгэдэг.
Улаанбаатар хотын нэг айлын эрчим хүчний дундаж хэрэглээг 2 кВт.цаг гээд тооцвол 50 МВт-аар 25,000 айлыг дөрвөн цаг эрчим хүчээр бүрэн хангах тооцоололтой батарей хуримтлуурын станцыг барихад нийслэлээс гаргасан бондын 293.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
