Т.Батцогт: Тэрбум мод гэдэг хэрнээ хаяан дахь Богд уулынхаа ойг олигтой цэвэрлэж чадаагүй байна

Д.Янжиндулам, ikon.mn
56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн ойгоос энэ онд хэрэглээний мод, түлээний хэмжээг батлах асуудлыг хэлэлцэх үеэр дархан цаазат Богдхан ууланд ойн цэвэрлэгээ хийх асуудлыг хөндөв.

Иргэд Богд ууланд амралтын болон ажлын өдрүүдэд алхдаг бөгөөд үхжиж унасан мод их байдаг ч сүүлийн жилүүдэд төсөв мөнгөгүйгээс ойн цэвэрлэгээ хийгдээгүй байна.

НИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшингийн тайлбарлаж буйгаар Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаанд ойн цэвэрлэгээ хийх хүсэлтийг сүүлийн хоёр жилийн хугацаанд тавихад эхний жилд 160 орчим, дараагийн жилд 300 сая орчим төгрөгийн санхүүжилтийг нийслэл шийдвэрлэж өгвөл цэвэрлэнэ гэх хариуг өгчээ.

Байгаль Орчны Яамны төсөвт ойн цэвэрлэгээний төсөв нь хангалтгүй тавигджээ.

Богд ууланд ойн цэвэрлэгээ хийхэд шаардлагатай хөрөнгийг нийслэлийн төсвийн тодотголд эсвэл ирэх жилийн төсөвт тусгах боломжтойг хэлэв.

НИТХ-ын зарим төлөөлөгч ойн цэвэрлэгээ хийх хөрөнгийг нийслэлийн төсөвт тусгах нь зүйтэй гэсэн саналыг гаргав.

Төлөөлөгч Б.Мягмар: Нийслэлийн иргэд Богд ууланд их алхдаг. Ингэхэд унасан моднууд их бий. Ойн цэвэрлэгээ хийх төсвийг нийслэлийн холбогдох албаныхан шийдвэрлэж өгөх хэрэгтэй байна.

Төлөөлөгч Т.Батцогт: Ойн цэвэрлэгээ хийх нь байгаль экологид хэрэгцээтэй ажил. Байгаль Орчны Яамнаас гадна бид ч анхаарах ёстой.

Дэлхий нийтээрээ ойжуулах, хүчилтөрөгчийг бий болгох, озоны давхаргын цоорлоос урьдчилсан сэргийлж байна.

Тэрбум мод ярьдаг хэрнээ хаяандаа байгаа Богд уулынхаа ойг олигтой цэвэрлэж чадаагүй энэ хүрсэн. Хуучин ялзарч муудсан моднуудыг цэвэрлэснээр ой сэргэж, мод шинээр ургах үр дагавартай. Богд ууланд ой цэвэрлэгээ хийх шаардлагатай хөрөнгө мөнгийг төсөвт тусгахыг дэмжинэ.

Төлөөлөгч Г.Батзориг: Мод нэмэгдүүлэх ажлыг Байгаль орчны газрынхан зохион байгуулалттайгаар хийх хэрэгтэй. Үүнд шаардлагатай хөрөнгийг төсвийг батлуулах, ойг гал түймэр, хорхой шавжаас хамгаалах нөлөөллийн ажлуудыг хиймээр байна.

Ийнхүү ярилцсаны эцэст Богд ууланд унасан гишүү, хатсан хогийг цэвэрлэхэд шаардлагатай төсвийг боловсруулан НИТХ-аар хэлэлцүүлэх үүргийг өгсөн заалтыг нэмж, нийслэлийн ойн сангаас 2026 онд цэвэрлэгээний огтлолт болон цэвэрлэгээ хийх хэлбэрээр бэлтгэх мод, түлээний хэмжээг дүүрэг бүрээр хуваарилах тогтоолын төслийг баталлаа.

зураг
 

Нийслэлийн ойн санд хийгдсэн Ой зохион байгуулалт, ойн тооллогын судалгаагаар түймэрт шатсан, ойн хөнөөлт шавжид нэрвэгдэн хатсан, салхинд унасан унанги мод бүхий цэвэрлэгээ хийх шаардлагатай нийт 8,100 га талбайд 142,838 м.куб хатсан мод, унасан модны нөөц байгааг тогтоожээ.

ВИДЕО: