Х.Баттулга: Би 2028 оны сонгуульд нэр дэвшихгүй, намайг янз бүрээр боорлодгоо болих хэрэгтэй
Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга өнөөдөр Төрийн ордонд улс төрийн нөхцөл байдалтай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Сэтгүүлч: Ерөнхий сайд таны хамаарал бүхий хоёр компани нөөцийн мах нийлүүлэлтийн тендер авсан ч одоо хүртэл нийлүүлээгүй гэж мэдээлсэн?
Х.Баттулга: Яг тодорхой тоог Ерөнхий сайдаас тодруулсан дээр байх. Надтай хамаарал бүхий гэж яриад баатарлаг дүр гаргаад байсан. Мах импекс компани тухайн үед 10,000 орчим хувьцаа эзэмшигчтэй, би тодорхой хувийг нь эзэмшдэг. Би ТУЗ-өөс нь 2004 оноос хойш гарсан.
Тухайн үед 10,000 тонн нөөцтэй улсын Мах импекс гэж улсын үйлдвэрийн газар байсан. Улаанбаатар хотын иргэд 900 мянга, малын тоо толгой 24 сая байлаа. Одоо бол Улаанбаатар хотын хүн ам хоёр сая болчихсон. Үүний дагуу нөөцийн савыг улс ямар нэгэн байдлаар бэлдсэн байх ёстой. Одоогоор 30 мянган тонны нөөцтэй байх ёстой.
Махны үнийг барьж буй асуудал дээр анхаараад хэрэгжүүлээд явах нь Засгийн газрын үүрэг. Үүнийг хийж чадахгүй байвал тэд нарын буруу.
Сэтгүүлч: Гол нь танай хоёр компани мах нийлүүлэх төсвийг авчихсан гэдэг асуудал байна. Энэ асуудал гарсны дараа компанийн удирдлагуудтай холбогдож асуусан уу?
Х.Баттулга: Асуусан. Тодорхой шалгуурыг давдаг нь манай компани юм, бид үүргээ биелүүлээд явж байгаа гэсэн. Цагдаа сэргийлэх очиж тооллого хийгээд шалгаад явсан байсан. Энэ бол зохион байгуулалтын асуудал. Нэг буруутан хэрэгтэй болохоор л намайг ярьдаг юм биш үү.
Сэтгүүлч: Сүүлийн өдрүүдэд цахим орчин Ардчилсан Намд зургаан сайдын суудал амлаж байгаа гэсэн мэдээлэл явж байна?
Х.Баттулга: Арай ч тийм зүйл болохгүй байх. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дээр би эсрэг байр суурьтай байсан. Ардчилсан нам хааяа нэг инээдэмтэй шийдвэрүүд гаргаад байдаг. Бүлэг дээр бол эсрэг байна. Үндэсний бодлогын хороон дээр бол зөвшөөрсөн шийдвэр гарч магадгүй.
Сэтгүүлч: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж та хоёрыг АНУ-ын иргэн Эпштейний хэрэгт холбогдуулж шалгаж байгаа гэсэн. Таны туслах Ганбаатар гэж хүн мэйлээр харьцсан байсан?
Х.Баттулга: Бид хоёр 2015 оноос хойш холбогдоогүй. Би ерөнхийлөгч болсноос хойш хэн рүү ч мэйл бичиж үзээгүй.
Сэтгүүлч: 2028 оны сонгуульд та нэр дэвших үү?
Х.Баттулга: Би 2028 оны сонгуульд нэр дэвшихгүй, намайг янз бүрээр боорлодгоо болих хэрэгтэй.
Сэтгүүлч: Төгрөг нуурын ордын талаар та байцаалт өгсөн үү?
Х.Баттулга: Өгсөн, Г.Занданшатарын Засгийн газар Төгрөг нуурын ордыг хураагаад авчихсан. Дараа нь би Г.Занданшатараас хэнээс хураагаад авчхав гэж асуусан. Надад нэг шийдвэрийн төсөл өгсөн. Хэрэв минийх юм бол надаас хурааж аваад асууна шүү дээ, надад байхгүй юмыг хурааж авсан. Би дамжуулж зараагүй.
Ухаа худагийн асуудал яригдаад эхлэнгүүт Н.Учрал зөрүүлээд Төгрөг нуурыг гаргаж ирж, саармагжуулсан. Л.Оюун-Эрдэнэ Ухаа худагийг авна гэж хэлснээс болж огцорсон.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
