"Явдал суудлаа анхаар" гэдэг захиастайгаар Тусгай хяналтын дэд хорооны даргаар сонгогдов

А.Ням-Өлзий, iKon.mn
1 цаг 10 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хурлаар тус байнгын хорооны харьяанд байдаг Тусгай хяналтын дэд хорооны даргыг сонсох тухай асуудлыг хэлэлцэв. 

Тус дэд хорооны даргад УИХ дахь МАН-ын бүлгээс С.Лүндэгийг нэр дэвшүүлсэн байна. 

Монгол Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуулын болон цэргийн тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудалд хяналт тавих үүрэгтэй. 

Мөн эрхлэх асуудлын хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй аж. 

Дэд хорооны даргыг сонсохтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Тусгай хяналтын дэд хороог парламентад нэлээн удаан суусан, УИХ-ын гишүүний хувьд бүрэн бэлтгэгдсэн хүмүүс ахалдаг уламжлалтай. С.Лүндэг гишүүн парламентад анх удаа сонгогдсон, залуу хүн. Энэ бол хууль, хяналтын байгууллагын тусгай ажиллагааны талаар ярьдаг дэд хороо. Та өөрөө хууль, хяналтын байгууллагуудын атганд орж болохгүй, тэдгээр байгууллагуудын удирдлагуудын чиглэлд автаж болохгүй. Ийм хариуцлагатай дэд хороог та ахлах гэж байна. 

Явдал суудлаа сайн хардаг болох хэрэгтэй, эргэн тойрны хүмүүс чинь энд тэнд бизнес хийж байх вий түүнийгээ анхаардаг болох хэрэгтэй. Гадуур дотуур архи дарс хүртдэг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. 

Ер нь энэ дэд хорооны ажил цэгцтэй байх юм бол хууль, хяналтын байгууллагууд зөв болно. 

Одоо бол ордонд хүний нэрийг дохио зангаагаар хэлдэг, утсаар ярьж чадахаа больчихсон, хуурамч дугаар ашигладаг, өрөөндөө юм ярьж чадахаа байчихсан замбараагүй байдал бий" гэдэг үг хэлэв. 

Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Тусгай хяналтын дэд хорооны дарга гадна, дотнын бүх тусгай албадын хяналтад орно шүү. Явдал суудлаа хянаарай. Монгол Улсын онц чухал бүх төсөл хөтөлбөр энэ дэд хороогоор дамждаг. Тэгэхээр та маш хариуцлагатай байх ёстой. Явдал суудлаа цэгнэж ажиллаарай" гэж захив. 

Ийнхүү гишүүд үг хэлснээр санал хураалт явуулж УИХ-ын гишүүн С.Лүндэгийг Тусгай хяналтын дэд хорооны даргаар сонголоо. 

Ташрамд дурдахад, хоёр ч ахмад гишүүнээр "Явдал суудлаа анхаар" гэж хэлүүлсэн С.Лүндэг өмнөх чуулганы хугацаанд таслалтаараа тэргүүлэгчдийн нэгээр цоллуулж, нийтэд танигдаж байв.  



УИХ-ын гишүүн С.Лүндэгийн танилцуулга

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1999 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургууль
  • 2004 онд Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Компьютерын техник, менежментийн сургууль
  • 2013 онд АНУ-ын Страйерийн их сургууль, магистр
  • 2014 онд Япон Улсын Саппорогийн Олон улсын их сургууль, төрийн удирдлагын магистр
  • 2024 онд Монгол Улсын Их Сургууль, Улс төр судлал, олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль, улс төр судлалын магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2006-2009 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний туслах
  • 2010-2011 онд МАН-ын Ажлын алба
  • 2014-2017 онд Монгол Улсын Шадар сайдын туслах
  • 2017-2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Шадар туслах
  • 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2021-2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн