Олон орон сууц эзэмшдэг иргэдэд үл хөдлөх хөрөнгийн орлогын татвараас чөлөөлөгдөх дөрвөөс зургаан сарын хугацаа өгч байгаагаа Өмнөд Солонгосын засгийн газар өнөөдөр өглөө мэдэгджээ.
Тус улсын ерөнхийлөгч И Жэ Мюн орон сууцны үнийн өсөлтийг тогтворжуулах бодлогын хүрээнд үл хөдлөх хөрөнгийн борлуулалтаас олох орлогын татварыг өсгөж байгаа юм.
Энэ нь олон үл хөдлөх хөрөнгө эзэмшигч иргэдийг татвараас зайлсхийхийн тулд илүү орон сууцаа зарахад түлхэц болох зорилготой.
Өнөөдөр зарласан арга хэмжээний дагуу Сөүл хотын дээд зэрэглэлийн Ганнам, Ёнсан дүүргүүдэд үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг иргэдэд дөрвөн сар, бусад бүсүүдэд хөрөнгө эзэмшигчдэд зургаан сарын татвараас чөлөөлөгдөх хугацаа өгч байгаа юм байна.
Өгсөн хугацаан дотор үл хөдлөх хөрөнгийнхөө сүүлчийн үлдэгдэл төлбөрийг хүлээж авсан, эсвэл өмчлөлийн эрхээ шилжүүлсэн хүмүүс татвараас чөлөөлөгдөх ажээ.
Энэ хугацаанд орон сууц түрээслэгчдийг эрсдэлээс хамгаалах арга хэмжээг засгийн газар давхар авч хэрэгжүүлэх юм байна.
Зарж борлуулсан үл хөдлөх хөрөнгийн орлогоос авах татварын хэмжээ одоогоор 6-45 хувийн хооронд байгаа.
Тухайлбал шинэ суурьшлын бүсэд хоёр орон сууцтай иргэдэд нэмэлт 20 хувь, гурван орон сууцтай иргэдэд нэмэлт 30 хувийн татвар ногдуулахаар байгаа юм.
Орон сууцны үнийн өсөлтийг хязгаарлах нь И Жэ Мюний засгийн газрын гол зорилтуудын нэг. Энэ нь залуучуудыг гэр бүл зохиох, хүүхэд төрүүлэхээс зайлсхийх нэг гол шалтгаан болж байгаа гэж эрх баригчид үзэж байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!