Нэр бүхий ААН-үүд хуурамч архи, согтууруулах ундаа худалдан борлуулж, хууль бус орлогоо нууж мөнгө угаах үйлдэл хийсэн байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.
Тодруулбал “А” гэх ААН нь захын гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдээр дамжуулан албан татварын тэмдэггүй хуурамч архи худалдаалж байсныг энэ сарын 5-ны өдөр илрүүлсэн байна.
Прокурорын зөвшөөрлөөр тухайн ААН-ийн үйлдвэр, агуулах, мөн “М” болон “А” нэртэй хүнсний дэлгүүрүүдэд нэгжлэг явуулжээ.
Мөн “А” аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх эрх нь 2024 онд шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон бөгөөд тухайн компани өөрсдийн хамаарал бүхий “Б” ААН-ийн үйлдвэрт “Шүншиг”, “Mongol Empire luxury vodka” гэх нэртэй архи үйлдвэрлэж, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн захын хүнсний дэлгүүрүүдээр дамжуулан 0.75 литрийн савлагаатай архийг 8,500 төгрөгөөр худалдан борлуулж байсан нь тогтоогджээ.
Дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.3, 18.5, 18.6, 18.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн цагдаагийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд гарал үүсэл нь тодорхойгүй, хямд үнэтэй, хуурамч согтууруулах ундааг худалдан авахгүй байх, өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулахгүйн тулд сэрэмжтэй байхыг ЦЕГ-аас анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!