Бэлгийн хүчирхийлэгч Эпштейн агсны хэргийн материалуудад Америкийн хэр нөлөө бүхий олон хүний нэр дурдагдсаны нэг нь тэрбумтан Билл Гэйтс юм.
Уг материалд түүнийг нэг орос эмэгтэйтэй уулзсаныхаа дараа бэлгийн замын өвчин авч байсан тухай бичсэн Эпштейний имэйл багтаж байв.
Баримт ил болсны дараа Гэйтсийн хэвлэлийн төлөөлөгч эрс няцаасан мэдэгдэл гаргасан. Харин 70 настай тэрбумтан өчигдөр л анх удаа энэ асуудлаар олон нийтэд ханджээ.
Гэйтс өчигдөр Австралийн телевизийн 9News сувагт ярихдаа Эпштейн түүнийг зөвхөн сүрдүүлэх зорилгоор 2013 онд уг имэйлийг ноорог байдлаар бичсэн тул эхнэр Мелинда болон өөр хэн нэгэнд илгээгээгүй гэж үзэж байгаагаа тайлбарласан байна.
Имэйлд Гэйтс халдварт өвчин авснаа нууж байгаа, мөн эхнэртээ халдаасан байж болзошгүй тул түүнд нууцаар антибиотик өгөхийг завдсан талаар бичжээ.
“Жеффри өөртөө зориулж ийм имэйл бичсэн бололтой. Тэр энэ имэйлээ хэзээ ч илгээгээгүй. Имэйлийн агуулга нь худал байсан” гэж Гэйтс ярьсан байна.
“Түүний юу бодож төлөвлөж байсныг би мэдэхгүй. Тэр ямар нэг байдлаар надад заналхийлэх гэж байсан байх. Би түүнтэй өнгөрүүлсэн хором бүхэндээ харамсдаг. Ийм зүйл хийсэндээ уучлал гуйж байна” гэж тэр цааш нь ярьжээ.
Гэйтс 27 жил хамт амьдарсан эхнэр Мелиндагаасаа 2021 онд салсан нь Эпштейний дуулиантай холбоотой байв.
Өчигдрийн ярилцлагадаа Гэйтс анх 2011 онд Эпштейнтэй танилцаж, шинжлэх ухааны төслүүдэд хөрөнгө оруулах асуудлаар хэд хэдэн удаа хамт оройн зоог барьж байсныг дурсжээ.
Гэхдээ тэр Карибын тэнгис дэх Эпштейний хувийн аралд хэзээ ч очиж байгаагүй, ямар ч эмэгтэйтэй ямар ч харилцаатай байгаагүйг баталсан байна.
“Тэрбээр маш олон баян хүмүүсийг мэддэг байсан бөгөөд тэднээр дэлхий нийтийн эрүүл мэндийн асуудлуудыг шийдвэрлэх мөнгийг хандивлуулж чадна гэсэн яриа нь намайг татдаг байсан. Эргээд харахад энэ нь хий хоосон зүйл байжээ” гэж Гэйтс ярьсан юм.
Тэрбээр цааш нь “Би түүнтэй цагийг өнгөрөөсөн нь тэнэг хэрэг байсан. Би түүнийг таньдаг байсандаа харамсдаг олон хүний нэг” гэж ярьжээ.
Гэйтсийн гэргий асан Мелиндагийн ярилцлага өнөөдөр орой NPR сувгаар цацагдах юм.
Өчигдөр тус суваг түүний ярилцлагын гурван минутын урт хэсгээс цацсан байна. Сэтгүүлч түүнээс экс нөхөр нь нууцаар антибиотик өгөхийг оролдсон гэх баримтыг хэрхэн хүлээж авсныг нь асуухад “үгээр илэрхийлэхийн аргагүй уй гашууд автсан” гэж хариулжээ.
61 настай Мелинда бас экс нөхрөө энэхүү аймшигт хэрэгтэй холбоотой мэддэг бүхнээ хуулийн байгууллагад мэдүүлэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Өмнөд Каролина мужаас сонгогдсон Конгрессын гишүүн Нэнси Мэйс “Өнгөрсөн шөнө би Мелинда Гэйтсийн ярилцлагыг үзсэн. Би тэр даруй хяналтын хорооны дарга Жэймс Комерт хандаж, Билл Гэйтсээс мэдүүлэг авахыг хүслээ. Би түүнээс Эпштейний талаар асуумаар байна” гэж Х хуудсандаа бичжээ.
Жэймс Комер нь Эпштейний хэргийг мөрдөн шалгах Конгрессын тусгай хорооны дарга юм.
Даваа гарагт Эпштейний материалуудад нэр нь дурдагдсан Билл, Хиллари Клинтон нар тус хороонд мэдүүлэг өгөх болсноо зарлаж байв. Тэд өмнө нь ингэхээс татгалзаж байсан юм.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!