Аймгийн арслан Б.Бат-Оршихтой холбоотой маргааныг хянан хэлэлцэх Арбитрын шүүх өнөөдөр шийдвэрээ гаргажээ.
Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Орших нь Ардын хувьсгалын 99 жилийн ой буюу 2020 оны наадмаар тавын даваанд аймгийн арслан Ц.Сандагдорж, зургаад улсын начин Б.Орхонбаяр нарыг давснаар улсын харцага цол хүртсэн юм.
Үүний дараа түүний шинжилгээнээс хориотой бодис илэрсэн тул Ц.Сандагдоржид улсын начин, Б.Орхонбаярт улсын харцага цол нөхөж олгосон билээ.
Тэгвэл Б.Бат-Оршихын өргөдөлтэй, Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага НҮТББ, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороонд тус тус холбогдох Допингийн давж заалдах комиссын хуралдааны шийдвэрээр Б.Бат-Оршихоос шинжилгээ авахдаа тодорхой хууль дүрмийг зөрчсөн гэж үзсэн байна.
Ингэснээр Б.Бат-Орших Монгол Улсын харцага цолоо буцааж авах эрхзүйн орчин бүрдэх аж.
Гэхдээ цолыг буцаан олгох эсэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!