Уншиж байна ...

Ж.Дуламсүрэн: Нөөцийн үхэр, хонины маханд гуяны цул зэргийг багтааж, савласан

Д.Янжиндулам, ikon.mn
29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг жижиглэн хэлбэрээр өчигдрөөс худалдаалж эхэлсэн.

Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан УБЗАА-аас энэ жил нийт 5,000 тонн мах нөөцлөн бэлтгэсэн. Үүнээс 2,000 гаруй тонн нь үхэр, 3,000 тонн нь хонины мах байна. Үнийн хувьд хонины махыг 13,000 төгрөг, үхрийн махыг 15,000 төгрөгөөр борлуулж байна.

Өмнөх жилүүдэд нөөцийн махны худалдааг гуравдугаар сараас эхлүүлдэг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхлүүлсэн.

Мөн махны харьцаанд анхаарч байгаа. Тухайлбал үхрийн маханд нуруу, гуяны цул, хавирга, харин хонины маханд сүүл, хаа, булчин мах, гуяны цул зэргийг багтааж, савласан.

Түүнчлэн зарим иргэдийн дунд нөөцийн махыг зуны улиралд бэлтгээд өвөл худалдаанд гаргадаг, удаан хугацаанд хадгалсан мах муу гэсэн ойлголт байдаг.

Харин бид үйлдвэрийн аргаар, стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг сонгон бэлтгэсэн. Эдгээр есөн аж ахуйн нэгж өнгөрсөн оны 11-12 дугаар сард бэлтгэсэн махаа өнөөдөр худалдаанд гаргаж байгаа бөгөөд хадгалалтын хугацаа, чанарын шаардлагыг бүрэн хангасан шинэ мах юм” гэлээ.

“Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвд зохион байгуулж буй “Амар байна уу” сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдааны үеэр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна гэж мэдэгдээд байгаа билээ.