Уншиж байна ...

Багахангайгаас Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьд хүрсэн гэж мэдээллээ

Д.Янжиндулам, ikon.mn
37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөшигийн хөндий, Оргоч уул орчим дахь ачаа терминалаас бараа бүтээгдэхүүнийг төвлөрсөн байдлаар түгээх, дэд бүтцийг бүрдүүлэх зорилгоор Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төслийг хэрэгжүүлж буй. Төмөр зам нь Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл 87.2, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6, нийт 102.8 км үргэлжилнэ.

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын барилга угсралтын ажлыг хоёр үе шаттай гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Нэгдүгээр шатанд УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндийн өртөө хүртэл 87.85 км, хоёрдугаар шатанд үлдсэн 14.95 км төмөр замын бүтээн байгуулалтыг тус тус хэрэгжүүлэх бөгөөд өнөөдрийн байдлаар төслийн нэгдүгээр шатны барилга угсралтын ажил 90 орчим хувьтай үргэлжилж байгааг албаны эх сурвалжууд мэдээлэв.

Харин цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор талбайн ажлыг түр зогсоожээ. 2026 оны гуравдугаар сарын 15-наас барилгын ажлыг дахин эхлүүлэх аж. Энэ хүрээнд төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2,500 гаруй инженер, мэргэжилтэн талбайн бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ.