Уншиж байна ...

Украины дайн дуусах эсэх нь ойрын өдрүүдэд шийдэгдэх төлөвтэй байгааг Зеленскийтэй уулзсаныхаа дараа Трамп мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
Өнөөдөр 9 цаг 24 минут
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нар Флоридад уулзаж, бараг дөрвөн жил үргэлжилж буй дайныг зогсоох арга замыг хэлэлцлээ.

Дайн зогсох эсэх нь “хэдхэн долоо хоногийн дотор” тодорхой болохыг Трамп уулзалтын дараа мэдэгдсэн байна.

“Яриа хэлэлцээ сайн болсон бол хэдхэн долоо хоногт, муу болсон бол илүү урт хугацаанд шийдэгдэж магадгүй байна” гэж тэр өөрийн хувийн эдлэн Мар-А-Лагод сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

Зеленский улс орных нь аюулгүй байдлын баталгааны асуудал шийдэгдсэнийг уулзалтын дараа мэдээлсэн байна.

Харин Трамп энэ асуудалд илүү болгоомжтой хандаж, Украины аюулгүй байдлын баталгааг 95 хувь тохиролцсон, Европын орнуудын оролцоог баталгаажуулах шаардлагатайг хэлжээ.

Сүүлд Зеленский ирэх долоо хоногт Вашингтонд Украин, Европын удирдагчид Трамптай уулзахаар болсныг мэдээлсэн юм.

Гэхдээ хоёр ерөнхийлөгчийн аль аль нь Донбассын бүс нутгийн ирээдүйн талаар асуудлыг эцэслэн шийдэж чадаагүйгээ хүлээн зөвшөөрчээ.

“Энэ асуудал шийдэгдээгүй, гэхдээ тун ойрхон болсон. Энэ бол маш хүнд хэцүү асуудал” гэж Трамп хэлсэн байна.

Зеленскийг уулзалтад ирэхийн өмнөхөн Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар утсаар ярьсныг Цагаан ордон “үр дүнтэй”, Кремль “найрсаг” гэж тодорхойлсон юм.

Энэ үеэр Украин, Европын Холбооны санал болгосон 60 хоногийн гал зогсоох хугацаа дайныг улам сунжруулах эрсдэлтэйг Путин хэлсэн тухай түүний гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков мэдээлжээ.

Путин бас Украины тал Донбассын асуудлыг цаг алдалгүй шийдэх хэрэгтэйг АНУ-ын ерөнхийлөгчид хэлсэн гэнэ.

Орос улс одоогоор 2014 онд эзлэн авсан Крымийг бүхлээр нь, дайн эхлэхийн өмнө 12 хувийг нь хянаж байсан Донбассын бүс нутгийн 90 хувийг, Запорожье, Херсон мужуудын 75 хувийг, Харьков, Сумы, Миколаев, Днипропетровск мужуудын багахан хэсгийг хянаж байгаа.

Украин улс дээрх эзлэгдсэн бүс нутгуудаас цэргээ бүрэн гаргаж, НАТО-д гишүүнээр элсэх хүсэл сонирхлоосоо татгалзсан тохиолдолд дайныг зогсоох боломжтой гэсэн нөхцөлийг Путин тулгадаг.

Бямба гарагт тэр хэрвээ Украины тал дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй бол Орос улс дайнаа үргэлжлүүлэхийг анхааруулж байв.

Харин АНУ-ын засаг захиргаа одоогийн фронтын шугамыг царцаах замаар дайныг зогсоож, фронтын шугамын хоёр талд ижил зайг хамарсан цэрэг, зэвсэггүй, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах санал тавьж байгаа.

Зеленскийн хувьд ийм бүс байгуулбал хяналт нь Украины талд байх ёстой гэсэн нөхцөл тулгаж байна.

 

Эх сурвалж: Reuters