Нийслэлийн Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авчээ.
Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн уг сургууль нь 74×35.4 метр хэмжээтэй, зоорийн давхаргүй гурван давхар, нийт 6,109.3 м.кв талбай бүхий барилгатай. Сургуулийн барилга хичээлийн 25 танхим, номын сан, лабораторийн танхимууд, спорт заал, урлагийн заал, багш нарын өрөө, гал тогоо болон бусад зориулалтын өрөөнөөс бүрджээ. Сургалтын орчныг илүү таатай, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэхийн тулд агаар сэлгэлт, байгалийн гэрэл сайн тусахаар дотор заслыг гүйцэтгэсэн байна.
Сургуулийн гадна талд явган хүний зам, авто зогсоол, гадна гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг тохижуулжээ.
Нийслэлийн хэмжээнд энэ онд зургаан сургууль, 19 цэцэрлэг, долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, хоёр спорт заал, нийт 35 барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэж өгчээ. Ингэснээр нийтдээ 10 мянга орчим хүүхэд хамран сурах тойрогтоо сургууль, цэцэрлэгт суралцах боломжтой болж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!