Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
"Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх "Энэ төсөл аль аль талынхаа хүлээлтэд хүрээгүй хүнд хэцүү төсөл байсан. Өмнө нь бодож байснаас ч том хөрөнгө оруулалт шаардагдсан. Бүх талуудын үр өгөөж хойшилсон. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн. Графикт ажил хойшилсон.
Тухайн үед Рио Тинто ногдол ашиг Монгол талд харагдахгүй байна. Зарим тооцооллоор өртэй болж болзошгүй гэх утгаараа Рио Тинтогийн ТУЗ-ийн гишүүд Засгийн газартай хийсэн хэлэлцээрийн үр дүнд 34 хувьд ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн.
Гүний уурхайн зардал хэтрэлттэй холбоотойгоор Рио Тинто компани менежментийн төлбөрөөсөө татгалзсан буюу аваагүй. Төслийн санхүүжилтийн шимтгэлд төслийн эрсдэл буурч байгаа учир 0.5 хувиар буулгах зэрэг шийдвэрүүд гарсан. ТУЗ болон хөрөнгө оруулагч талаас маш олон өөрчлөлтүүдийг хийж байдаг тэр болгоныг ярьдаггүй.
Одоогийн байдлаар хоёр талаасаа баг байгуулагдаад зээлийн хүүгийн хэлэлцээр эхлээд явж байгаа. Рио Тинтогийн зүгээс хүүгийн түвшнийг бууруулахгүй гэж ярьж байгаа зүйл байхгүй. Зарчмын хувьд ойлголцож хэд рүү буулгах уу гэдгээ олон улсын стандартаар ойлголцоод явна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!