“Премиум Нэксус” ХК-н CU брэнд нь 2025 онд нийтийн эрүүл мэндийн хүртээмж, орчны стандартыг дээшлүүлэх зорилгоор нийт арван эмнэлгийн ариун цэврийн өрөө болон орчныг сайжруулах, шинэчлэх ажилд 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тохижилтын ажлуудаа албан ёсоор хүлээлгэн өглөө.
Улаанбаатар хотод олон жилийн турш тулгамдсан асуудал хэвээр байсан нийтийн ариун цэврийн өрөөний хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдгээрийг сүүлийн үеийн стандартад нийцүүлэн шинэчлэн тохижуулах, эмнэлгээр үйлчлүүлэгчдийн хэрэгцээг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулсан энэхүү санаачилга нь CU брэндийн нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх, нийгмийн хариуцлагын бодит ажил болж байна.
Өнгөрөгч наймдугаар сард "Премиум Нэксус" ХК нь "Эрүүл мэндийн яам" - тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, төрийн өмчийн эмнэлгүүдийн ариун цэврийн өрөөг шинэчлэн засварлаж, иргэд болон эмнэлгийн ажилтнуудад олон улсын стандарт шаардлага хангасан, ая тухтай орчныг бүрдүүлэхээр хамтран ажиллахаар болсон.
CU конвиниенс дэлгүүр 500 гаруй салбар дэлгүүрүүдээрээ дамжуулан олон нийтийн хүртээмжтэй, цэвэр, тохилог ариун цэврийн өрөөг үнэ төлбөргүй ашиглуулах бодлогыг тогтвортой хэрэгжүүлж ирсэн. Эрүүл мэндийн салбарыг дэмжих энэхүү төсөл нь тус компанийн нийгэмд өгч буй бодит эерэг нөлөөллийн үргэлжлэл юм.
Шинэчлэлийн ажлын хүрээнд эмнэлгүүдийн нөхцөл байдлыг газар дээр нь очиж судлан, ахмад эмч, сувилагч, тасгийн эрхлэгч, өвчтөнүүдээс шаардлагатай мэдээллийг авч, эмнэлэг бүрийн онцлогт нийцсэн тохижилтыг хийсэн.
Эдгээрээс онцолбол "Өргөө амаржих" газрын хуучирч муудсан, барилгын насжилттай уялдан ариун цэврийн өрөө, шүршүүрийн хэсгүүд нь хамгийн их гомдол дагуулдаг байсныг бүрэн шинэчилж ашиглалтад оруулсан нь төрөх тасгийн үйлчлүүлэгчдийн хамгийн эмзэг хэрэгцээг шийдвэрлэсэн ажил боллоо. Шинэчлэгдсэн орчин нь бидет суултуур, төрөхийн дараах хэрэглээнд тохирсон шүршүүрийн шийдэл, халтирч бэртэхээс сэргийлсэн шалны материал, сайжруулсан агааржуулалт болон эмзэг хэрэглэгчдэд тусгайлан тохируулсан зохион байгуулалтаар бүрэн хангагджээ.
Энэхүү төсөл нь зөвхөн өвчтөн, жирэмсэн болон төрсөн эхчүүдийн ая тухтай нөхцөлийг сайжруулаад зогсохгүй эрүүл мэндийн байгууллагуудад олон жилийн турш хуримтлагдсан бүтцийн асуудлуудыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулсан. Өдөр шөнөгүй ажилладаг эмч, сувилагчдын ажлын тав тух дээшилж, ачаалалтай тасгуудын агааржуулалт, халуун ус, шүршүүрийн ашиглалт сайжирч, яаралтай тусламжийн багийн хүртээмж, аюулгүй ажиллагааны нөхцөл бодитоор нэмэгдсэн нь нийгмийн эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байсан ач холбогдолтой өөрчлөлт боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!