Уншиж байна ...

Мексик улсын нийслэлд Gen Z бүлгүүд засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулах үеэр 120 гаруй хүн бэртжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Мексик улсын нийслэлд засгийн газрын эсрэг томоохон жагсаал зохион байгуулагдах үеэр иргэд, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсны улмаас 120 гаруй хүн бэртэж гэмтсэний 100 орчим нь цагдаагийн ажилтан байсныг тус улсын эрх баригчид өчигдөр мэдээлжээ.

Уг жагсаал нь ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаумын засгийн газрын үйл ажиллагаа болон гэмт хэрэг, хүчирхийллийг эсэргүүцсэн агуулгатай байв.

Нийслэл Мехикогоос гадна өөр бусад хотуудад зохион байгуулагдсан жагсаалуудыг Шэйнбаум өөрийнх нь засгийн газрыг эсэргүүцдэг “баруун жигүүрийн улс төрчид санхүүжүүлсэн” гэж буруутгажээ.

Жагсаалыг залуу үеийнхний “Gen Z” бүлгүүд зохион байгуулж, хэдхэн хоногийн өмнө картелынхны гарт алагдсан Уруапан хотын дарга Карлос Манзог дэмжигчид хүч нэмсэн гэж ажиглагчид үзэж байна.

Манзогийн аллагын дараа Мексикийн эрх баригчдыг зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг хангалттай ажиллахгүй байна гэсэн шүүмж газар аваад байгаа юм.

Жагсагчид ерөнхийлөгч Шэйнбаумын оршин суудаг ордны хашааны хэсгийг нураахад цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ.

Энэ үеэр дээрэм тонуул, халдлага үйлдсэн 20 хүнийг баривчилснаа Мехико хотын аюулаас хамгаалах албаны дарга Пабло Васкес мэдээлсэн байна.

Жагсагчид “Бид бүгдээрээ Карлос Манзо” гэсэн бичигтэй уриа барьж, зарим нь алагдсан хотын даргад хүндэтгэл үзүүлэн ковбой малгай өмссөн байв.

зураг
 

Арваннэгдүгээр сарын нэгний өдөр Манзо хотынхоо төв талбайд уламжлалт Үхэгсдийн Баярт оролцож байхдаа буудуулж алагдсан юм.

Тэрбээр өөрийнх нь хотод үйл ажиллагаа явуулдаг хар тамхины картелууд, тэдний хүчирхийллийн талаар ил тод ярьж, үүний эсрэг хатуу арга хэмжээ авахыг төв засгийн газартаа уриалдаг нэгэн байжээ.

Ерөнхийлөгч Шэйнбаум картелын эсрэг тэмцдэг ч өмнө нь явуулж байсан шиг үндэсний хэмжээний дайныг зарлахаас зайлсхийдэг.

Өмнөх ерөнхийлөгч нарын ийм арга хэмжээнүүд асар их цус урсгасан ч үр дүнд хүрч байгаагүй юм.

“Хэрвээ залуу хүмүүс шаардлага тавьж байгаа бол бид үг хэлэх болон жагсаал цуглаан хийх эрх чөлөөг нь дэмжинэ. Гэвч жагсаалыг хэн зохион байгуулж байгаа нь гол асуудал юм. Энэ жагсаалыг хэрхэн зохион байгуулж байгааг хүмүүс ойлгох хэрэгтэй” гэж Шэйнбаум жагсаалын өмнө мэдэгдэж байв. Тэр онлайн ботууд хүмүүсийг “өдөөн турхирч байна” гэж үзэж байлаа.

Шэйнбаумын бүрэн эрхийн хугацааны эхний нэг жил 70 гаруй хувийн рэйтингтэй өндөрлөж байгаа. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санааг зовоож буй фентанилын хууль бус наймааг таслан зогсооход анхааран ажиллаж байна.

Гэхдээ түүнийг улс орныг хамарсан хүчирхийлэл, гэмт хэргийг зогсоож чадаагүй гэсэн шүүмж байнга дагалддаг.

Нөгөө талаар Шэйнбаумын явуулж буй гадаад бодлого зарим хөрш орнуудтайгаа дайсагналцахад хүргэж байна.

Түүний засгийн газар 2022 онд төрийн эргэлт зохион байгуулахыг завдсан хэрэгт буруутгагдаад буй Перу улсын ерөнхий сайд асанд улс төрийн орогнол олгосон юм.

Үүний дараа Перу улс Мексиктэй дипломат харилцаагаа тасалсан. Энэ сарын эхээр Перу улсын парламент Шэйнбаумыг “persona non grata” статустай болгох буюу тус улсын хилээр нэвтрэх эрхгүй болгох асуудлаар санал хурааж байлаа.

 

Эх сурвалж: BBC