Хувийн мэдээллээ бусдад өгөх нь залилах гэмт хэргийн хохирогч болгож байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас анхааруулав.
Цагдаагийн байгууллагад өдөрт 15-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна.
Залилах гэмт хэрэгт өртөх томоохон шалтгаан нь иргэд өөрсдийн ашигладаг дансаа бусдад ашиглуулах, хувийн мэдээллээ өгснөөс үүдэлтэй.
Тухайлбал:
Арваннэгдүгээр сарын 06-ны өдөр “Энхийг сахиулах ажиллагаанд явсан дүү маань шуудангаар доллар явууллаа, зардлаа төлөөрэй гэсний дагуу 16 сая 955 мянган төгрөг бусдын данс руу шилжүүлж, залилууллаа”;
Арваннэгдүгээр сарын 07-ны өдөр “Миний хувийн мэдээллийг ашиглан зээлийн аппликэйшнээс 17 сая төгрөгийн зээл авсан байна”;
Залилах гэмт хэрэг нь иргэдийн хэрэгцээ шаардлага, сүсэг бишрэлийг далимдуулах, боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлж, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдүүлж, харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар үйлдэгддэг онцлогтой гэмт хэрэг юм.
Залилах гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд бусдад хувийн мэдээллээ өгөхгүй байх, өөрийн хэрэглэж буй цахим платформынхоо нууц үгийг тодорхой хугацаанд солих, хуурамч зар мэдээлэлд итгэж гүйлгээ хийхгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!