Уншиж байна ...

Эмэгтэй хүнд хатуу хориотой Сүмогийн дэвжээнд Японы шинэ ерөнхий сайд хөл тавьж чадах уу?

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Японы анхны эмэгтэй ерөнхий сайд Санаэ Такаичид тус улсын үндэсний спортын уламжлалт зан заншилтай холбоотой асуудал тулгараад байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Энэ долоо хоногийн Ням гарагт мэргэжлийн сүмогийн дээд зиндааны Кюүшү башё буюу арваннэгдүгээр сарын тэмцээн эхлэх гэж байна.

Тэмцээний сүүлчийн өдөр Япон улсын ерөнхий сайд түрүүлсэн бөхөд өөрийн нэрэмжит цомыг гардуулдаг уламжлалтай.

Тэгвэл дан эрчүүдээс бүрддэг Японы Сүмогийн Холбооны удирдах зөвлөл шинэ ерөнхий сайд Такаичи энэ үүргийг гүйцэтгэх хүсэлт гаргавал ямар хариу өгөх талаар хэлэлцэж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Сүмогийн дэвжээ буюу дохёо дээр Шинто шашны олон зууны уламжлалын дагуу эмэгтэй хүн гарах хориотой байдаг. Өмнө нь Япон улс үргэлж эрэгтэй ерөнхий сайдтай байсан тул цом гардуулахаар дэвжээнд гарахад асуудал гарч байгаагүй юм.

Эмэгтэй хүн сүмогийн сонирхогчдын тэмцээнд өрсөлдөх боломжтой ч мэргэжлийн сүмо уламжлалаа хатуу сахидаг.

“Сүмогийн Холбоо ерөнхий сайдад өөрийн цомыг гардуулах зөвшөөрөл өгөх ёстой тул хэцүү байдалд ороод байна” гэж Бүх Төрлийн Ялгаварлан Гадуурхалтын Эсрэг Олон Улсын Хөдөлгөөний идэвхтэн Мэгүми Комори хэлжээ.

Японы Сүмогийн Холбоо энэ талаар асуултад хариулахаас зайлсхийж байгаа гэнэ.

Асахи Шимбүн сонины тодруулгад бичгээр хариулахдаа тус холбоо “Сүмогийн уламжлалт соёлыг өвлүүлэх нь бидний эрхэм зорилго гэдэгт бид итгэдэг” гэхээс илүү тодорхой тайлбар өгөөгүй байна.

Өмнө нь Японы эмэгтэй улс төрчид сүмогийн уламжлалтай холбоотой бэрхшээлтэй тулгарсан тохиолдлууд байдаг.

Тухайлбал 1989-1991 онуудад ерөнхий сайд Тошики Кайфүгийн засгийн газарт анхны эмэгтэй орлогчоор томилогдсон Маюүми Морияма цом гардуулах үүргийг орлон гүйцэтгэх хүсэлт гаргаад Сүмогийн Холбооноос эрс татгалзсан хариу авч байжээ.

Үүнээс хойш арван жилийн дараа Осака хотын дарга Фүсаэ Ота өөрийн хотод зохион байгуулагдах хаврын тэмцээнд шагнал гардуулах зөвшөөрөл хүссэн нь бас няцаагдаж байв.

2018 онд Хёго мужийн Такаразүка хотын дарга Томоко Накагава бас нэг ийм хүсэлтдээ татгалзсан хариу аваад бухимдал илэрхийлж байжээ.

“Би одоо Такаразүка хотын дарга боловч эмэгтэй хүн учраас дохёо дээр энэ үгээ хэлж чадахгүй болсондоо бухимдаж, харамсаж байна” гэж тэр дэвжээний дэргэд байрлуулсан индэр дээрээс хэлсэн юм.

Дараа нь тэр “Бид уламжлалыг хүндэтгэх ёстойг ойлгож байна. Гэхдээ цаг үе маш хурдан өөрчлөгдөж, эмэгтэй мужийн захирагч, эмэгтэй хотын дарга нарын тоо нэмэгдэж байна. Бас эмэгтэй хүн ерөнхий сайдын албан тушаалд томилогдох цаг ирэх магадлалтай. Хэрвээ ийм өөрчлөлт гарвал эмэгтэйчүүд дэвжээнд гарахыг хориглосоор байх уу?” гэж хэлж байжээ.

Тухайн үед консерватив хэвлэл болох Санкей сонин 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд нийтлүүлсэн өгүүлэлдээ Накагавагийн гомдлыг няцааж, эмэгтэй хүн ерөнхий сайд болсон ч “эрэгтэй орлогч нь цом гардуулж болох тул ийм асуудал хэзээ ч гарахгүй” гэж бичиж байв.

Энэхүү редакцын өгүүлэлд Накагавагийн байр суурийг “орчин үеийн биеэ тоосон хүмүүсийн бардам зан” хэмээн шүүмжилж байжээ.

Уг нийтлэлээс хэдхэн өдрийн өмнө Киото мужий Майзуру хотод болсон үзүүлэх барилдааны үеэр хотын дарга дэвжээн дээр үг хэлж байхдаа ухаан алдаж унасан юм. Энэ үеэр дэвжээн дээр тусламж үзүүлэхээр гарсан хоёр эмэгтэй сувилагчийг сүмогийн албаны хүн яаралтай буухыг шаардаж байжээ.

Энэ явдлыг Вашингтон Пост сонинд “Хүний амь аврах гэсэн япон эмэгтэйчүүдийг ариун бус гэсэн шалтгаанаар сүмогийн дэвжээн дээрээс буухыг шаардлаа” хэмээн гайхан бичиж байлаа.

Үүний дараа Японы Сүмогийн Холбоо уг асуудлаар дотоод хэлэлцүүлэг зохион байгуулсан ч одоог хүртэл шийдэлд хүрээгүй гэдэг.

 

Эх сурвалж: South China Morning Post