Аравдугаар сарын 17-ноос эхэлсэн багш нарын цалингаа нэмэхийг шаардсан ажил хаялт үргэлжилнэ гэж Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос/БШУҮЭХ/ мэдэгджээ.
Уг мэдэгдэлд "Хамтын хэлэлцээр батлагдаж, цаасан дээр шийдвэр гарах хүртэл ажил хаялт зогсохгүй, үргэлжилнэ. Ирэх Даваа гарагт ажлын хэсэг болон Боловсролын Яамнаас хамтарсан мэдэгдэл хийхээр боллоо" гэжээ. Ингэснээр ирэх долоо хоногийн Даваа гарагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх нь тодорхойгүй байна.
Тэдний мэдээлснээр ажил хаялтад 675 боловсролын байгууллагын 35,569 багш, ажилтан оролцож байгаа аж.
Харин Боловсролын яамнаас "Засгийн газраас багш нарын цалинг 30 хувь нэмэх саналтай байгаа. Үндсэн цалинг 2.5 сая төгрөгт хүргэхээр зорьж байна. Ирэх жилүүдэд Монгол Улсын олох орлого, үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээмжийн өсөлт зэргээс шалтгаалж аль болох 3.5 сая төгрөгт хүргэхийг зорино" гэж мэдээлээд байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!