УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар хоёр чухал асуудлыг шийдлээ.
Нэгт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг АМНАТ-ийн хувь хэмжээг УИХ-тай зөвшилцөлгүй дур мэдэн тогтоосон гэх үндэслэлээр огцруулав.
Хоёрт УИХ-ын 13 дахь дарга Д.Амарбаясгалан "нүүрсний" гэх асуудалд холбогдсон учраас өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргаж, түүнийг нь УИХ-ын гишүүд ёсоор болгов.
Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг огцруулах санал хураалтад 111 гишүүн оролцсон бөгөөд 40 гишүүн буюу 36 хувь нь байнгын хорооны саналыг дэмжиж, 71 гишүүн буюу 64 хувь нь эсрэг санал өгсөн.
Харин УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг огцруулах санал хураалтад 114 гишүүн оролцож, 102 нь түүнийг огцруулах нь зүйтэй гэж үзсэн.
Өнөөдөр огцорч буй энэ хоёр хүн эрх баригч МАН-ын даргын сонгуульд хүч үзэж, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан сонгогдсон тооцогдоод байгаа билээ. Тэрбээр 2022 онд анх удаа Засгийн газрын хэрэглэх эрхлэх газрын даргын албан тушаалд томилогдож, 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш хоёр хүрэхгүй жилийн хугацаанд Монголын хууль тогтоох дээд байгууллагыг удирдаж үзлээ.
Харин Ерөнхий сайд асан Г.Занданшатар 2024 онд УИХ-ын сонгууль, 2025 онд МАН-ын даргын сонгуульд жил дараалан ялагдал хүлээсэн цаг хугацааг үдэв. Мөн тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалыг хүлээн авснаас хойш 126 өдрийн дараа огцорсноороо гүйцэтгэх засаглалын түүхэнд бичигдэн үлдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!