Украины дайныг зогсоох хүчин чармайлтын үр дүнд Оросын газрын тосыг худалдаж авахаа зогсоохыг Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди зөвшөөрсөн тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.
Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлсний дараа дайны санхүүжилтийн эх үүсвэрийг хаахын тулд Оросын газрын тосыг худалдаж авахаа зогсоохыг Энэтхэгийн эрх баригчдаас шаардаж байсан юм.
Гэвч Энэтхэгийн тал энэ шаардлагыг хүлээж авахаас татгалзсан нь Вашингтон-Делигийн харилцааг муутгаж байлаа.
Үүний шийтгэл болох нийт 50 хувийн импортын татварыг Трампын засаг захиргаа Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд ногдуулсан нь наймдугаар сараас хэрэгжиж эхэлсэн юм.
Өнгөрсөн хугацаанд ерөнхий сайд Моди байр сууриа хамгаалж, Энэтхэг улс Орос-Украины дайнд төвийг сахиж байгаагаа илэрхийлсээр байв.
Тэгвэл Трамп өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Модигийн байр суурь өөрчлөгдсөнийг баталжээ.
“Энэтхэг улс газрын тосны импортоо нэн даруй зогсоох боломжгүй байгаа. Үүнд бага зэрэг ажил шаардагдана. Гэхдээ энэ үйл явц удахгүй дуусна” гэж Трамп хэлсэн байна.
Дараа нь тэр “Одоо би Хятад улсаар бас ийм шийдвэр гаргуулах зорилготой байна” гэж хэлжээ.
Украины дайны улмаас Өрнөдийн хориг арга хэмжээгээр шийтгүүлсэн Орос улсын газрын тосны гол худалдан авагч нь Хятад, Энэтхэг, Турк улсууд болоод байгаа юм.
Энэтхэгийн эрх баригчид дэлхийд тавдугаарт ордог том эдийн засгаа дэмжихийн тулд хямд үнэтэй Оросын газрын тосыг их хэмжээгээр худалдан авсаар байв.
Моди өнгөрсөн долоо хоногт Трамптай утсаар ярьсныхаа дараа “худалдааны харилцаандаа ахиц дэвшил гаргасан” тухай мэдээлж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!