Индонез, АНУ-ын ерөнхийлөгч нарийн хувийн яриа санамсаргүй нээлттэй байсан хэвлэлийн микрофонд бичигджээ.
Газын зурваст Израил-Хамасын дайныг зогсоосон үйл явдлыг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор өчигдөр дэлхийн олон орны удирдагчид Египетийн аялал жуулчлалын төв Шарм эль-Шэйх хотод чуулсан юм.
Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Индонезын ерөнхийлөгч Прабово Субианто нар уулзжээ.
Индрийн ойролцоо уулзсан тэд яриа нь микрофонд бичигдэж байгааг анзаараагүй юм.
Прабово энэ үеэр Трампаас “Эриктэй намайг уулзуулж өгөөч” гэж гуйсан байна.
Трамп хариуд нь “Би Эриктэй ярья. Тэгсэн нь дээр үү? Тэр бол сайн хүү. Би Эриктэй утсаар ярья” гэж хэлжээ.
Тэгэхэд Прабово “Бид тохиромжтой газар хайх болно” гэж хэлсэн бол Трамп “Эрикийг тань руу залгуулъя” гэж хэлсэн юм.
Дараа нь Индонезын ерөнхийлөгч “Эрик, Дон Жуниор хоёрын нэгийг яриулаарай” гэж хэлжээ.
Трампын дунд хүү Эрик Трамп, түүний ах Дональд Трамп Жуниор нар аль аль нь гэр бүлийн Trump Organization компанийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг.
Трампын гэр бүлийн компани үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлалаас гадна блокчэйнд суурилсан бизнес эрхэлдэг юм.
Тус компани Индонезын нийслэл Жакарта хотын ойролцоо гольфын клуб эзэмшдэг. Бас Бали аралд удахгүй гольфын клуб болон амралтын газар нээх гэж байгаа гэсэн мэдээлэл бий.
Тиймээс Индонезын ерөнхийлөгч нь Трампын хүүхдүүдтэй бизнесийн асуудлаар ярилцах гэсэн бололтой.
Трамп, Прабово нарын ярианы талаар тодруулгад Цагаан ордон болон Вашингтон дахь Индонезын элчин сайдын яамнаас ямар нэг тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!