Уншиж байна ...

Хагас коксон түлшийг худалдах хугацааг дахин хойшлуулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын гэр хорооллын айл өрхөд энэ жил шинэ төрлийн буюу хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдаж эхэлнэ. 25 килограммын шуудай хагас коксон түлшийг 5,000 төгрөгөөр иргэдэд худалдаалах бөгөөд иргэний үнэмлэхний QR кодоо уншуулах, Hotula аппликэйшн болон Сайн карт ашиглан төлбөрөө төлөх боломжтой байна. 

Hotula апп ашиглах боломжгүй, Сайн картгүй бол иргэний үнэмлэхний QR кодоо уншуулах эрхээ 70119400 дугаарт холбогдож нээлгэнэ.

"Хагас коксон түлшийг худалдаалж эхэлж байгаа талаар өнөөдөр 13:00 цагт Налайх дахь Тавантолгой түлшний үйлдвэрээс нийтэд мэдээлнэ.

Нийслэлийн долоон дүүрэгт миддлингийн шахмал түлш худалдаж байгаа дараах цэгүүдэд хагас коксон түлшийг хамтад нь худалдана. Иргэд сонголтоороо авна" хэмээн НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс тодотгож байсан ч Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороон дээр хагас коксон түлшний төлөвлөлтийн ажлууд байгаа учраас борлуулалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг мэдэгдэв.

Уг нь энэ сарын 1-нд хагас коксон түлшийг худалдаанд гаргана гэж байсан боловч хойшлуулсаар байна.

Хагас коксон түлшний техникийн шаардлагыг:

  • Илчлэг 5,500 ккалл/кг-аас багагүй
  • Хүхэр 0.5 хувиас ихгүй
  • Дэгдэмхий 12 хувиас ихгүй
  • Чийг 6 хувиас ихгүй
  • Үнслэг 20 хувиас ихгүй, 25 кг-ын нэг шуудай түлшний үйрмэгийн хэмжээ нь нийт жингийн таван хувиас хэтрэхгүй байх стандартыг баталжээ.

Хагас коксон түлш худалдах цэгүүд:

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Хятадаас худалдаж авсан хагас коксон түлшийг "Тавантолгой түлш" компанийн үйлдвэрт савлаж, худалдаалж байгаа аж.

Уг түлшээр энгийн уламжлалт болон төслийн зууханд зөв галлах аргыг Тавантолгой түлш компаниас заасан билээ.

Энгийн, уламжлалт зууханд:

  1. Галлагаа хийхийн өмнө хүйтэн үнсийг бүрэн авч асгах
  2. Зуухны аманд гал асаах модоо өрж, зэрэглэнэ
  3. Модон дээрээ 4-5 кг шахмал болон хагас коксон түлшээ хийнэ
  4. Зуухны дээд тагийг сайтар хааж, үнсний тосгуурыг 2 см хэмжээтэй нээж агаар оруулна
  5. Бэлтгэсэн модоо газ болон цаас, шатах материалаар асаана.

Төслийн сайжруулсан зууханд:

  1. Галлагаа хийхдээ хүйтэн үнсийг бүрэн авч асгах
  2. Галын хотолд 4-5 кг шахмал болон хагас коксон түлшээ хийнэ
  3. Түлшин дээрээ гал асаах модоо хийж бэлтгэнэ
  4. Зуухны агаар авах хэсгүүдийг нээнэ
  5. Галаа урдаас болон дээрээс нь шатах материалаар өрдөж асаана.