Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Тухайн өдрийн агаарын температурыг хүний бие хэрхэн мэдрэх нь салхины хурд, чийгшлээс хамаарна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 10 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бидний өдөр тутамд цаг агаарын мэдээгээр хүлээж авдаг агаарын температур нь хүний биед хэрхэн мэдрэгдэх утгыг илэрхийлдэггүй талаар цаг уурын газраас дараах мэдээллийг хүргэв. 

Тодруулбал тухайн өдрийн агаарын температурыг хүний бие хэрхэн мэдрэх нь салхины хурд, чийгшлээс хамаардаг байна. 

Хүйтэн сэрүүний улиралд салхины хурд их байвал мэдрэгдэх температур нь тухайн агаарын температураас илүү хүйтэн мэдрэгддэг.

Зуны улиралд их халуун өдөр, агаар их чийглэг байвал мэдрэгдэх температур нь тухайн агаарын температураас илүү халуун, бүгчим мэдрэгддэг. 

Салхитай өдөр таны арьсны гадаргаас алдагдаж буй энерги чийгийг амархан сарниулах тул та хүйтэн мэдэрнэ. Хүн хөлсөөрөө дулаанаа гадагшлуулж, биеийн дулаанаа зохицуулдаг бол агаарын чийгшил их байвал ууршилт буюу хөлрөлт багасна. Ингэснээр илүү халууцах мэдрэмж төрдөг. 

Иймд хүйтэн сэрүүний улиралд хүнд мэдрэгдэх температурыг салхины нөлөөг тооцсон жаврын температураар, халууны улиралд халууны индексээр илэрхийлдэг байна. Манай орон хуурай, сэрүүн уур амьсгалтай тул хүнд мэдрэгдэх температурыг салхины нөлөөг тооцсон жаврын температураар илэрхийлэх нь тохиромжтой байдаг аж. 

Шилжилтийн улиралд мэдрэгдэх температурын нөлөө бага хэдий ч өдрөөс өдөрт хүйтэрч байгаа энэ цаг хугацаанд цаг уурын байгууллагаас мэдээлж буй агаарын температур болон хүнд мэдрэгдэх температурын урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглаж байхыг зөвлөлөө.