Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны дипломатчидын дэлгүүр хэсэх боломжийг АНУ-ын засаг захиргаа хязгаарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн Иран улсын дипломатчидын хувийн арилжаа наймаанд хориг тавьж байгааг Трампын засаг захиргаа өчигдөр зарлажээ.

Тухайлбал Costco, Sam’s Club, BJ’s Wholesale Club зэрэг бөөний худалдааны төвүүдээр үйлчлүүлэхийг нь хориглож, $1,000-аас дээш үнэтэй бугуйн цаг, савхи, торго, үслэг материалтай хувцас, үнэт эдлэл, үнэртэн, цахилгаан бараа, согтууруулах ундаа, $60,000-аас дээш үнэтэй автомашин зэрэг тансаг ангиллын бүтээгдэхүүн худалдаж авахыг хориглож байгааг АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт мэдэгдсэн байна.

Мөн Ираны төлөөлөгчдийн Нью-Йорк хотод зорчих маршрутыг зөвхөн НҮБ-ын төв байранд очих, буцах замаар хязгаарласныг зарлажээ.

АНУ-ын засаг захиргаа өмнө нь ч бас Ираны төлөөлөгчдийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож байсан түүхтэй.

Эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас АНУ-ын олон бараа бүтээгдэхүүн Иранд худалдаалагддаггүй.

“Ираны ард түмэн ядуурал, дэд бүтцийн сүйрэл, ус, цахилгааны хомсдолтой нөхцөлд амьдарч байхад бид Тегераны дэглэмийн дээд зиндааныханд дэлгүүр хэсэх боломжийг олгох ёсгүй” гэж Пиготт мэдэгджээ.

Ираны төлөөлөгчдийг тус улсын ерөнхийлөгч Масуд Пезешкян тэргүүлэн ирэх төлөвтэй байгаа.

“Америкийн ард түмний аюулгүй байдлыг бид үргэлж нэн тэргүүнд тавьдаг бөгөөд Ираны дэглэмийн төлөөлөгчдийг НҮБ-ын нэгдсэн чуулганаар далимдуулан Нью-Йорк хотод чөлөөтэй зорчихыг зөвшөөрөхгүй. НҮБ-ын дипломат айлчлалыг тэдний Ираны олон нийтэд хүртээмжгүй байгаа бараа бүтээгдэхүүнийг олж авах арга зам болохоос сэргийлснээрээ бид АНУ тус улсын ард түмний талд байгааг илэрхийлж байгаа юм” гэж Пиготт мэдэгджээ.

 

Эх сурвалж: CNN