Оросын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальныйг шоронд хоригдож байхад нь хордуулж алсныг лабораторийн шинжилгээгээр тогтоосноо түүний бэлэвсэн гэргий өчигдөр зарлажээ.
Навальный 19 жилийн хорих ял эдэлж байхдаа Умард туйлын шоронд учир битүүлэг шалтгаанаар нас барсан юм.
Оросын эрх баригчид түүнийг 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр шоронгийн хашаанд салхилж байхдаа ухаан алдаж унасан гэхээс өөр тайлбар өгөөгүй.
Хамтрагчид нь оршуулахаас өмнө Навальный агсны биологийн дээжийг авч, хил давуулж чадсаныг түүний гэргий тайлбарлажээ.
“Хоёр улсын лаборатори Алексейг алагдсан гэж дүгнэсэн. Тодруулбал түүнийг хордуулсныг тогтоосон байна” гэж Юлия Навальная өчигдөр сошиал хуудсандаа нийтэлсэн видео мэдэгдэлд өгүүлсэн байна.
Тэрбээр яг ямар дээж авсан, ямар төрлийн хор илэрсэн талаар дэлгэрүүлээгүй ч шинжилгээний үр дүнгээ нийтэд танилцуулахыг дээрх лабораториудад уриалжээ.
Навальная бас нөхрийнх нь хоригдож байсан өрөөний шалан дээр бөөлжис байгааг харуулсан гэрэл зургийг энэ үеэр үзүүлсэн байна.
Навальный өмнө нь 2020 онд Сибирийн нэг хотод сонгуулийн ажлаар явж байхдаа “Новичок” төрлийн бодисоор хордоход Германд яаралтай шилжүүлэн эмчилж байсан юм.
Олон сар эмчлүүлсний дараа 2021 оны нэгдүгээр сард тэр Орост буцаж ирээд баривчлагдсан бөгөөд экстремист үйл ажиллагаа явуулсан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгагдан ял сонсож байлаа.
Навальный шоронд хоригдож байхдаа ч Путиний дэглэмийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлж, Украины дайныг буруушааж байсан юм.
Түүнийг нас барсны дараа шоронгийн захиргаа шарилыг ар гэрийнхэнд нь өгөлгүй олон хоносон гэдэг.
Навальная нөхрийг нь Путиний тушаалаар хөнөөснийг үргэлж хэлдэг ч Кремль үүнийг няцааж байсан юм.
Навальныйг нас барсны дараа Оросын эрх баригчид түүний хамтран зүтгэгчдэд үзүүлэх дарамт шахалтаа эрчимжүүлсэн тул ихэнх нь гадаадад дүрвэж байлаа.
Кремлийн “террорист, экстремист”-үүдийн хар жагсаалтад нэр нь орсон Юлия Навальная одоо Германд амьдарч байгаа юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!