Нийслэл хотод энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллахаас өнөөдрийн байдлаар 332 цэг ажиллаж эхэлжээ. Энэ жилийн тухайд иргэд Hotula аппликэйшн болон Сайн карт ашиглан түлш худалдан авах боломжтой байна.
Түлшний нөөцийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Энэ жил нийслэлд 43 мянган тонн мидлингийн шахмал түлш, 306 мянган тонн хагас коксон шахмал түлшээр иргэдийн хэрэглээг хангахаар төлөвлөсөн. Түлшний хомсдол үүсэхгүй, бүх борлуулалтын цэгүүд дээр түлшний нөөц хангалттай байна. Нэг шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ 3,750 төгрөг, нэг шуудай хагас коксон шахмал түлш 5,000 төгрөг байна. Энэ жил түлш борлуулах цэгүүд хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж байна.
Түүнчлэн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь угаарын хий мэдрэгч суурилуулсан айл өрхүүдийн мэдээллийг дэлгэцэд хянах бөгөөд бага, дунд, их, аюултай, онц аюултай гэсэн таван төрлийн дуудлагыг 70004454 утсаар хүлээн авч байна.
Операторууд дуудлага хүлээн авангуутаа тухайн өрхийн холбогдох гишүүд рүү залгадаг. Хэрэв холбогдож чадахгүй бол тухайн айлын хөрш рүү нь залгаж мэдээлэл хүргэдэг.
Харин хөрштэй нь холбогдоогүй бол Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 500 гэрээт ажилтнаас хамгийн ойр байгаа нь тухайн цэгт очиж угаарын эрсдэлийн мэдээллийг хүргэж, урьдчилан сэргийлдэг.
Нийслэлд нийт 82,000 айлд угаарын хий мэдрэгч ажиллаж байна. Иргэддээ угаарын хий мэдрэгчээ салгалгүй, зааврын дагуу хэрэглэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг уриалъя. Нийслэлд гал түлж байгаа нийт 176,000 өрхийг энэхүү ухаалаг системд холбохоор ажиллаж байна” гэж мэдээллээ.
БНХАУ-ын Шаньси мужийн Шэньмү хотоос 306 мянган тонн хагас кокс түлшийг ₮226 тэрбумаар худалдаж авах гэрээ байгуулжээ. Хагас кокс түлшийг аравдугаар сарын 1-нээс иргэдэд худалдаж эхлэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!