Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын санал хураалт дээр Монгол улс Палестины улс байгуулахыг уриалсан тогтоолыг дэмжлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт НҮБ-ын ерөнхий ассамблей Израиль-Палестины зөрчлийг “хоёр улс” зарчмаар шийдвэрлэх, Палестины тусгаар улсыг үүсгэн байгуулах амлалтаа биелүүлэхийг Израиль улсаас шаардсан утгатай тогтоолыг гишүүн орнуудын олонхын саналаар дэмжжээ.

НҮБ-ын гишүүн 193 улсын 142 нь тогтоолыг дэмжиж, 10 нь эсэргүүцэж, 12 нь санал өгөхөөс түдгэлзсэн байна.

Дэмжсэн улсуудын дотор Монгол улс багтжээ.

Эсэргүүцсэн 10 улс нь Израиль, АНУ, Аргентин, Унгар, Микронез, Науру, Палау, Папуа Шинэ Гвиней, Парагвай, Тонга байсан юм.

Санал хураалтаас хэдхэн цагийн өмнө Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Палестин улс байх ёсгүй” гэж эрс хатуу мэдэгдэж байв.

Тэрбээр палестинчууд өөрийн газар нутаг гэж үздэг Йордан голын баруун эрэгт израильчуудыг нэмж суурьшуулах төлөвлөгөөг батлахдаа ингэж хэлсэн юм.

Есдүгээр сарын 22-нд эхлэх ерөнхий ассамблейн чуулганы үеэр Газын зурваст хоёр жил орчим хугацаанд үргэлжилж буй дайн болон бараг 80 жил үргэлжилж буй Израиль-Палестины зөрчил дэлхийн удирдагчдын хэлэлцэх асуудлуудын жагсаалтын тэргүүнд тавигдах төлөвтэй байгаа.

Гэхдээ өчигдөр дэмжигдсэн НҮБ-ын тогтоолд Палестины улсыг Хамасын оролцоогүй байгуулах ёстойг заажээ.

“Газын зурвас дахь дайныг зогсоохын тулд Хамас өөрийн засаглалаас татгалзаж, зэвсгээ Палестины эрх баригчдад хураалгах ёстой” гэж тогтоолын төсөлд заасан байна.

Хамас зэвсэгт байгууллага 2023 оны аравдугаар сарын 7-нд Израилийн нутаг дэвсгэрт халдсаны дараа Газын зурваст дайн эхэлсэн юм.

Хамасын халдлагын үеэр Израилийн талд энгийн иргэд голдуу 1,200 орчим хүн алагдаж, 250 орчим хүн барьцаалагдсан. Барьцаалагдсан хүмүүсээс 48 нь одоо болтол Хамасын гарт байгаа ба тэдгээрийн 20 орчим нь амьд байж магадгүй гэсэн мэдээлэл бий.

Өнгөрсөн дайны турш Израилийн армийн явуулсан байлдааны ажиллагааны улмаас 64,000 гаруй палестин хүн алагдсаныг Газын эрх баригчид баталдаг.

 

Эх сурвалж: United Nations