Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камераар илрүүлэх туршилт 2025 оны тавдугаар сараас эхэлсэн.
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц замд хиймэл оюун ухаанд суурилсан 2,600 гаруй камерыг суурилуулсан уг туршилт он дуустал үргэлжилж, илэрсэн зөрчилд 2026 оноос торгууль оногдуулдаг болно гэдгийг тухайн үед Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв(ЗХУТ)-өөс мэдээлж байсан.
Гэтэл өчигдрөөс хиймэл оюун ухаанаар илэрсэн зөрчилд торгууль оногдуулж эхэллээ гэх мэдээлэл гарсан юм.
Энэ талаар өнөөдөр ЗХУТ ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан автомат хяналтын системийн тусламжтайгаар замын хөдөлгөөний зөрчлүүдийг илрүүлэх хуулийн заалттай, хугацаатай зүйл. Гэвч өчигдрөөс торгож эхэллээ гэх мэдээлэл нийгэмд тарлаа. Энэ бол ташаа мэдээлэл.
2026 оноос эхлэн
Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камераар илэрсэн зөрчилд одоогоор сануулах зурвасыг жолооч нарт илгээсэн хэвээр байна. Харин шинэ оноос эхлэн торгууль оногдуулна.
2025 оны тавдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 14-нийг хүртэл хиймэл оюун ухаанд суурилсан камерын системээр 22 сая зөрчлийг илрүүлж, иргэдэд сануулах зурвас илгээжээ. Өдөрт дунджаар 250,000-300,000 зөрчлийг илрүүлдэг аж. Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ ямагт баримталж байхыг сануулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!