Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилж буй энэ үед камерт өртөх бүрд торгууль оногдуулахыг санууллаа

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв (ЗХУТ)-өөс байнгын баруун эргэх 11-н уулзварын тухай болон тэгш, сондгойгоор зорчиж буйтай холбогдуулан мэдээлэл хүргэлээ. 

Тодруулбал

  1. 10 дугаар хорооллын уулзвар
  2. III эмнэлгийн баруун хойд уулзвар
  3. Саппорогийн уулзвар
  4. Тасганы овооны уулзвар
  5. Хайлаастын уулзвар
  6. Их Монголын уулзвар
  7. ЭХЭМҮТ-ийн баруун урд уулзвар
  8. Зүүн дөрвөн замын уулзвар
  9. 32-ын уулзвар
  10. Гэндэнгийн уулзвар
  11. Зайсангийн гудамж, Оргил худалдааны төвийн хойд уулзварт есдүгээр сарын 8-наас эхлэн байнга баруун гар тийш эргэхээр болж байна. 

Холбогдох хуулийн заалт болон тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилж байгаа цаг үед ямар зохицуулалтыг дагаж мөрдөх талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны хурандаа Б.Очирбат дараах мэдээллийг өгсөн юм. 



2018 онд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм шинэчлэгдэн батлагдсан. Энэ дүрэмд баруун эргэлтийн зохицуулалтыг тусгасан байдаг. 

Замын хөдөлгөөний дүрмийн 8.12-т баруун гар тийш чиг заасан нэмэгдэл гэрэл дохиог байнгын асаалттай горимд ажиллуулж, тухайн талаас уулзвараар баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлттэй зохион байгуулж болно. Гэрэл дохионы ийм зохицуулалттай уулзвараар жолооч баруун гар тийш эргэхдээ энэ дүрмийн 15.5-д заасныг баримтална гэж тодорхой зааж өгсөн байгаа.

15.5 нь улаан болон шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл гэрэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээр яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалт бий. 

Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангах, мөн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс 11 уулзвар дээр нэмэлт гэрэл дохиог суурилуулж ашиглахад бэлэн болсон учраас баруун эргэлтийн ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа.

Ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөний дүрэмд нийцээгүй, нийцсэн гэдэг иргэдэд ойлгомжгүй зүйл байхгүй. Дээр дурдсан заалтыг мөрдөнө.

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчийн асуусан асуултад ТЦА-наас дараах хариултыг хэллээ. 



Сэтгүүлч: Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилж буй энэ үед камерт өртөх болгонд торгууль оногдуулах уу? 

Хурандаа Б.Очирбат: Энэ бол жолоочийн хариуцлагатай холбоотой асуудал.

Бид өнгөрсөн жилүүдэд торгууль оногдуулахдаа “Энэ жолооч өмнө нь торгуулсан юм байна” гээд тухайн жолоочид 20 мянган төгрөгийн виз олгож байгаа мэт нөхцөлөөр явдаг байсан. 

Улмаар жолооч хариуцлагажихгүй дахиад хөдөлгөөнд оролцдог асуудал үүссэн. Энэ удаад Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээний хүрээндээ камерт өртөж буй тохиолдол болгонд нь шийтгэл хариуцлага хүлээлгэдэг зохицуулалттай байгаа.

Мөн камераас гараад хяналтын цэгүүдэд дахин хөдөлгөөнд оролцож буй тохиолдолд нь цагдаагийн алба хаагч торгохоор зохицуулалттай.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд зөрчил бүр дээр хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалттай гэсэн үг. Энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана. 

Сэтгүүлч: Дугаарын хязгаарлалтын бүсэд камерт өртсөн тохиолдол бүрд тухайн жолоочид торгууль очно, хариуцлага оногдуулна гэж ойлгох уу? 

Хурандаа Б.Очирбат: Тухайн жолооч өөрөө зөрчил үйлдэж байгаа бол зөрчлөө таслан зогсоож ойролцоох зогсоол, талбайд цагийн бүсчлэл өнгөртөл хязгаарлалтын бүс рүү орохгүй байх нь зүйтэй. 

Хашаанаасаа, зогсоол талбайгаасаа гарахгүй байх зарчимтай захирамж гарсан. Энэ захирамжийн хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлага байгаа.

Улаанбаатар хотын түгжрэл ачааллыг багасгахад нийслэлийн иргэдийн хувь нэмэр, ялангуяа хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын сахилга хариуцлага, ухамсрын асуудал маш их нөлөөлж байна. 

Эргэн сануулахад наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 16-ны хооронд автомашин тэгш, сондгойгоор зорчих шийдвэр гаргасан билээ.