Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц замд хиймэл оюун ухаанд суурилсан 2,600 гаруй камерыг суурилуулж, замын хөдөлгөөнийг AI буюу хиймэл оюун ухаан ашиглан бүрэн хянах туршилт он дуустал үргэлжилнэ. Харин 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах юм байна.
Одоогоор дүрэм зөрчсөн жолооч нарын утасны дугаарт "Жолооч нарын бүртгэлтэй гар утасны дугаарт 130092 тусгай дугаараас "Таны ****УАН дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хиймэл оюун ухааны нэгдсэн бүртгэлд бүртгэгдлээ" гэсэн мессежийг ЗХУТ-өөс илгээж байгаа билээ.
Туршилтын явцын талаар Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа "Хиймэл оюун ухаанд суурилсан камераар гэрэл дохио, эгнээ байр, зогсох шугам, үргэлжилсэн цагаан шугам давах, урсгал сөрөх, түр зогсохыг хориглосон газарт зогссон зөрчлүүдийг илрүүлэх дүрэм зохиож, туршилт хийж байна. Эдгээрээс гэрэл дохио, эгнээ байр, зогсох шугамыг зөрчсөн жолооч нарт мэссэж илгээж байгаа юм. Явган хүний зам дээр зогсох, гэрэл дохио, эгнээ байр буруу эзэлсэн зөрчил секундийн дотор 345 илэрдэг.
Нийслэл хотод өдөрт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 200-300 мянган зөрчил илэрдэг ч Үндэсний Дата Төвийн мэдэгдэл хүргэх сервис хоцрогдолтой ажиллаж, өдөрт 100-120 мянган жолоочид мэссэж илгээж байгаа.
Туршилтын хугацаанд алдаатай ч хамаагүй мэдэгдэл илгээнэ. Ингэснээр алдааг хэлж өгөх бүрд системдээ сайжруулалт хийж байгаа юм.
Зургаадугаар сарын 1-нээс эхлэн өнөөдрийг хүртэл 1.6-1.7 сая зөрчилд мэссэж илгээсэн. Эдгээрээс иргэдийн зүгээс хэлсэн алдааг шалгаж үзэхэд 1,000 зөрчилд алдаа гарсан. Замын уулзварт цагдаа биет зохицуулалт хийж байхад алдаа гарсан. Одоо алдаа гарахгүй болсон.
2026 оны нэгдүгээр сарын 1-нээс программд алдаа гарахгүй. Замын хөдөлгөөний зөрчлийн бүх дүрс бичлэг минут секундээр хийгдэж байгаа. Хэрэв алдаа гарвал тухайн хүний гомдлыг хүлээж авч, шийдвэрлэх бүрэн боломжтой, нотлох баримттай" гэж мэдээллээ.
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан камераар илрүүлсэн зөрчлийн мэдээллийг линк буюу нотлох баримттайгаар иргэдэд илгээж, торгууль ногдуулна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулиа 14 хоногийн дотор төлбөл 50% хөнгөлнө. Харин торгуулиа төлөхгүй 14 хоногоос хэтэрвэл сар бүр 10%-аар нэмэгдүүлэх зохицуулалтайг санууллаа.
Торгуулийн 14 хоног дуусахаас хоёр цагийн өмнө сануулсан мэссэж илгээдгийг болиулж долоо хоногийн өмнө сануулах мэссэж илгээж байх саналыг НИТХ-ын дарга А.Баяр хэлж байв.
Камерт шөнийн цагаар гэрлэн дохионы зөрчил 42,541, эгнээ байрын зөрчил 27,531 бүртгэгдсэн бол тав хоногийн хугацаанд 500,000, амралтын нэг өдөрт 280,000 замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!