Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор наймдугаар сарын 27-ноос тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хязгаарлалтын бүс тогтоохгүйгээр хөдөлгөөнд оролцуулж эхлээд буй.
Уг зохицуулалт энэ сарын 16-ны өдрийг дуустал мөрдөгдөнө.
Тээврийн Цагдаагийн Албаны/ТЦА/ Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамирын мэдээлснээр өнөөдрөөс/2025.09.04/ эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг зөрчвөл явсан чиглэл бүрд теле хяналтын камераар болон цагдаагийн алба хаагч нар жолоочид арга хэмжээ тооцохоор болжээ.
Тодруулбал машинтайгаа дугаарын хязгаарлалт зөрчөөд явбал цагдаагийн пост болон камерт бичигдэх бүрд торгууль төлөх юм байна.
Албаны хүмүүс уг зохицуулалтыг мөрдүүлэх хяналтыг сайжруулна гэж мэдээлж байгаа ч энэ онд авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэн мөртлөө тэгш, сондгой зохицуулалтад хязгаарлалтын бүс тогтоогоогүй болохоор тухайн тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалттай өдөр хотын зах хэсгээр явах боломжгүй болгосон гэх иргэдийн шүүмжлэл байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!