Швед улсын алс умард хязгаарын нэг хотод оршдог 113 жилийн настай сүмийг бүхлээр нь нүүлгэх ажил эхэлжээ.
Кируна хотын хуучин төвд оршдог модон хийцтэй энэ сүмийг 1912 онд байгуулж байв.
Гэвч 100 гаруй жил төмрийн хүдэр олборлосны улмаас хотын хуучин төвийн хөрсөнд ан цав гарах эрсдэл үүссэн байна.
Ингээд сүмийг аврахын тулд Кируна хотын шинэ төв хүртэл 5 км зайд тээвэрлэн шилжүүлэхээр болжээ.
Аварга том дугуйт тавцан дээр өргөж тавьсан сүмийг цагт 500 метр хурдтай зөөх бөгөөд хоёр өдрийн дараа шинэ байрлалдаа хүрэх гэнэ.
Сүмийн нүүлгэлт нь Умард туйлын цагаргаас дотогш 145 км зайд оршдог Криуна хотын хувьд түүхэн үйл явдал болж байна.
“Бид маш удаан бэлдсэн. Энэ бол түүхэн бөгөөд маш том үйл явдал. Нарийн төвөгтэй энэ ажиллагаанд алдаа гаргах эрх бидэнд байхгүй. Гэхдээ бүх зүйл хяналтад байна” гэж төслийн удирдагч Стефан Холмблад Йоханссон ярьжээ.
2010-аад оноос Кирунагийн хуучин төвийн барилгуудыг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлсэн юм байна.
Гэхдээ тэдгээрийн ихэнхийг буулгаад дахин босгож байсан бол түүхэн ач холбогдолтой цөөхнийг нь хөндөлгүйгээр шилжүүлж байжээ.
“Газрын хагарал хүмүүст аюулгүй. Гэхдээ хагарал эцэстээ цэвэр ус, цахилгаан, бохирын дэд бүтцийг гэмтээж болзошгүй тул нүүлгэх хэрэгтэй” гэж Кируна хотын захиргааны албан хаагч Роберт Илитало ярьж байна.
Хотын хамгийн том ажил олгогч болох төмрийн хүдэр олборлолтын LKAB компани нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг хариуцаж байгаа гэнэ. Уг зардал 10 тэрбум гаруй швед крон ($1 тэрбум) болох тооцоо гарчээ.
35 метр өндөр, 40 метр өргөн, 672 тонн жинтэй Кируна сүм өмнө нь 1950 оноос өмнөх Шведийн хамгийн үзэмжтэй барилгаар шалгарч байсан юм.
“Ийм хэмжээтэй барилгыг нүүлгэхэд тулгарсан хамгийн том бэрхшээл нь зам бэлдэх байлаа” гэж төслийн удирдагч Йоханссон хэлжээ.
“Бид нүүлгэлтийн замыг 24 метр хүртэл өргөтгөхдөө гэрлийн шонгууд, гэрлэн дохионуудыг, бас нэгэнт буулгахаар төлөвлөсөн байсан нэг гүүрийг зайлуулсан” гэж тэр ярьсан юм.
Сүмийн дотоод засал чимэглэл, үнэт зүйлсийг эвдэж гэмтээлгүй нүүлгэх нь дараагийн том бэрхшээл байжээ.
Тухайлбал Шведийн хааны гэр бүлийн гишүүн, хунтайж Евгенийн урласан тахилын ширээний асар том зураг хананд нь наалттай байдаг тул хөндөлгүй, тэр хэвээр нүүлгэхээр болсон байна.
Сүмийн нүүлгэлтийг Кируна хотын оршин суугчдаас гадна гаднаас ирсэн жуулчид үзэх бол Шведийн хаан Карл Густаф хүртэл ирж үзэхээр болжээ.
Шведийн нэг телевизийн суваг нүүлгэлтийн үйл явцыг бүхэлд нь шууд дамжуулж байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!