Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч Трамп эдийн засгийн тааруу үзүүлэлтийг мэдээлсэн статистикийн ажилтнаа халах тушаал өгөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Товчоо тус улсын долдугаар сарын ажлын байрны өсөлтийн тоо баримтыг зарласан юм.

Өнгөрсөн сард ажлын байрны өсөлт төсөөлж байсан хэмжээнд хүрээгүйгээс гадна тав, зургаадугаар саруудын өмнөх үзүүлэлтийг бууруулж засварласан байв.

Өөрөөр хэлбэл Америкийг дахин хүчирхэг болгох ерөнхийлөгч Трампын мөрийн хөтөлбөр үр дүн муутай байгааг дээрх тоо баримт харуулсан юм.

Тэгвэл хэдхэн цагийн дараа Трамп хөдөлмөрийн статистик хариуцсан комиссар Эрика Макэнтарферыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрээ зарлажээ.

Тэрбээр Макэнтарферыг өмнө нь Камала Харрисыг сонгуульд ялуулахын тулд ажил эрхлэлтийн тоон мэдээллийг засварлаж байсан гэж буруутгасан байна.

“Бүгд Найрамдах намынхныг болон намайг муухай харагдуулахын тулд өнөөдрийн ажлын байрны өсөлтийн мэдээг хуурамчаар үйлдсэн” гэж тэр сошиал хуудсаараа мэдэгджээ.

Ингэхдээ Трамп эдгээрийг батлах ямар нэг нотлох баримт үзүүлээгүй юм. Үнэн хэрэгтээ АНУ-ын эдийн засаг цэцэглэн хөгжиж байгааг тэр онцолсон байна.

“Бидэнд ажлын байрны үнэн зөв тоо хэрэгтэй. Байдены улс төрийн томилгоогоор ажиллаж байсан хүнийг нэн даруй огцруулахыг би өөрийн багт үүрэг болголоо. Түүнийг илүү чадварлаг, мэргэшсэн хүнээр солих болно” гэж Трамп мэдэгджээ.

Удалгүй холбооны засгийн газрын Хөдөлмөрийн Статистикийн Товчоо тушаалыг ёсоор болгосноо зарласан байна. Тус агентлагийн дэд комиссар Уильям Виатровски үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ.

Удалгүй Трампыг “бодитой тоо баримтыг нуухыг оролдож байна” гэх шүүмжлэл гарч эхэлсэн юм.

“Эдийн засаг муу байгааг илтгэх ажлын байрны тоо таалагдаагүй үндэслэлээр Трамп мэдээ дамжуулсан шуудан зөөгчийг халж байна. Манай улсын эдийн засгийн тоо баримтыг улс төржүүлэх нь сайн зүйл яавч биш. Дарангуйлагчийн арга барил ойрын жилүүдэд Америкчуудыг хохироох тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлж байна” гэж Америкийн Прогресс төвийн хүртээмжтэй өсөлт хариуцсан захирал Лили Робертс шүүмжилжээ.

Холбооны статистикийн мэргэжлийн холбоодын зөвлөлийн гүйцэтгэх захирал Пол Шредер ерөнхийлөгчийн шийдвэрийг “маш их хор хөнөөлтэй” гэж дүгнэсэн юм.

“Энэ нь холбооны засгийн газрын статистикийн албаны найдвартай, хараат бус байдлыг алдагдуулах улс төржсөн алхам юм. Үүнээс үүдэлтэй алдаа завхрал олон жил үргэлжлэх уршигтай” гэж тэр мэдэгджээ.

Эрика Макэнтарфер нь холбооны засгийн газрын туршлагатай, нэр хүндтэй албан хаагчдын нэг юм. Тэрбээр өмнө нь ерөнхийлөгч Жорж Уоррен Буш, Барак Обама, Трамп, Жо Байден нарын засаг захиргааны Хүн Амын Тооллогын товчоонд ажиллаж байжээ.

2024 оны нэгдүгээр сард АНУ-ын сенат Макэнтарферыг одоогийн албан тушаалд нь томилсон бөгөөд тухайн үед Хөдөлмөрийн Статистикийн Товчооны комиссар асан дөрвөн хүн түүний томилгоог дэмжсэн захидал илгээж байв.

100 суудалтай Сенатын 86 гишүүн түүний томилгоог дэмжиж, найман гишүүн эсэргүүцэж байжээ.

 

Эх сурвалж: CNN