Өчигдөр буюу Лхагва гарагт Тайланд, Камбож улсуудын хилийн маргаантай бүсэд мина дэлбэрсний улмаас Тайландын нэг цэргийн алба хаагч баруун хөлөө алджээ.
Энэ хэрэг явдлын улмаас Тайландын гадаад хэргийн яам Камбож дахь элчин сайдаа татаж, өөрийн нутаг дэвсгэрээс Камбожийн элчин сайдыг хөөсөн байна.
Өмнөх эргүүлийн үеэр ийм осол гарч байгаагүй тул Камбожийн тал тухайн хэсэгт шинээр газрын мина байрлуулсан байж болзошгүй гэж Тайландын тал үзэж байгаа гэнэ.
Урьд нь бас хилийн энэ хэсэгт мина дэлбэрсний улмаас Тайландын гурван цэрэг шархдаж байжээ. Тухайн үед Камбожийн тал шинэ мина байрлуулснаа үгүйсгэж, цэргүүд эргүүл хийхдээ замаасаа гажсанаас дайны үеэс үлдсэн хуучин мина дэлбэрсэн байх гэж тайлбарлаж байв.
Өчигдрийн хэрэг явдлын дараа Тайланд улс Камбожийн хил дагуух бүх боомтоо хаах шийдвэр гаргажээ.
Тайланд, Камбожоос гадна Лаос улстай залгадаг хилийн энэ хэсгийг “Emerald Triangle” (Маргад эрдэнийн гурвалжин) гэж нэрлэдэг бөгөөд Францын колоничлолын үед тогтсоноосоо хойш олон жилийн турш маргаантай байсаар ирсэн юм.
Өнгөрсөн тавдугаар сард болсон хилийн будилааны үеэр Камбожийн нэг цэрэг алагдсан нь хоёр улсын зөрчлийг улам хурцатгаад байгаа.
Үүний улмаас хоёр улс хилийн хамгаалалтаа чангатгаж, Камбож улс Тайландаас түлш шатахуун, байгалийн хий, жимс, хүнсний ногоо импортлохыг хориглож байв.
Бас энэ хямралын үеэр Камбожийн удирдагчтай утсаар ярихдаа ёс зүйн алдаа гаргасан үндэслэлээр Тайландын ерөнхий сайд Паетонгтарн Шинаватраг дээд шүүх албан тушаалаас нь түдгэлзүүлээд байгаа.
Тэрбээр хөрш Камбожийг олон жил захирсан Хун Сенийг “авга ах” хэмээн өргөмжилж, өөрийн батлан хамгаалахын сайдын авсан арга хэмжээг шүүмжлэн ярьсан нь Камбожийн талаас задарсан ярианы бичлэгээс ил болсон юм.
Шинаватрагийн эцэг, Хун Сен нарыг гэр бүлийн хүрээнд найрсаг харилцаатай “хуурай ах дүүс” гэдэг.
Улс орны эрх ашгаас хувийн эрх ашгаа илүүд тавьсан үндэслэлээр Паетонгтарныг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Хун Сений хүү, Камбожийн ерөнхий сайд Хун Манет ирэх жилээс энгийн иргэдийг цэрэгт албадан татдаг болох хуулийн төслийг идэвхжүүлж байгаагаа зарласан.
Үүнийг тэр хөрш Тайландтай харилцаа муудсантай холбон тайлбарласнаас гадна батлан хамгаалах зардлаа өсгөх талаар судалж байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: Aljazeera
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!