Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байна.
Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Уянга тус хуулийн төсөл батлагдсанаар ямар өөрчлөлт гарах мэдээлэл өгснийг хүргэж байна.
Тэрбээр "Тодорхой бус байгаагаас болж асуудлууд үүсдэг учраас энэ хуулийн төслийг санаачилсан. 1999 онд нийтээр тэмдэглэх баяртай холбоотой зохицуулалт, амралтын өдөр тохиовол яах талаар тусгагдсан байсан. Хэрэв амралтын нийтээр тэмдэглэх баяр байвал шилжүүлэх үү, хойшлуулах уу гэдгийг Засгийн газар шийдвэрлэх заалт байсныг 2022 оны Хөдөлмөрийн тухай хуулиас авчихсан. Хэн нэгний шийдвэр хэрэгтэй байвал асуудал үүсдэг.
Тиймээс нийтээр тэмдэглэх баярын өдөр Бямба болон Ням гарагтай давхацвал дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ. Хувийн хэвшлийнхэн Засгийн газрын шийдвэр хүлээх хэрэггүй болно. Жишээлбэл цагаан сарын тэмдэглэлт өдрүүд Бямба гарагт тохиож байвал дараагийн ажлын өдөрт шилжүүлэх эрх нь нээгдэж байгаа гэсэн үг.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор Засгийн газар дээр хэлэлцүүлээд тэмдэглэл нь ирсэн. Гадаад харилцааны сайд ерөнхий агуулгаа сонсоод дэмжсэн. 2025 оны дөрөвдүгээр сарын 5-нд цахимаар иргэдээс санал авахад уул уурхайтай холбоотой ростероор ажилладаг аж ахуйн нэгжээс "олон хоног амрах тохиолдолд цалинг тооцох коэффиценттэй" холбооттой асуулт байсан.
Өнөөдрийн оруулж ирсэн хуулийн төсөл нь амралтын өдрийг нэмэх гэхээс илүүтэй хуульчлагдсан байгаа баярын өдрийг амралтын өдөр таарвал яах вэ гэдгийг л зохицуулж өгч байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!