Киодо Ньюс агентлаг өчигдөр Японы парламентын доод танхимын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс зарим тоо баримтуудыг нийтэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл бид дээрх баримтуудыг Монгол улсын Улсын Их Хурлын гишүүдийн хөрөнгийн хэмжээтэй харьцууллаа.
Ингэхдээ хамгийн сүүлд 2023 онд нийтлэгдсэн өмнөх парламентын гишүүдийн тайланг ашигласан юм.
Монголын парламентын дундаж гишүүний мэдүүлсэн хөрөнгийн хэмжээ 4.2 тэрбум төгрөг байгаа бол Японы дундаж гишүүнийх 26.85 сая иен байна. Валютын ханшийг хөрвүүлж тооцоолоход энэ нь Монголын хууль тогтоогч Японы хууль тогтоогчоос 6.5 дахин баян гэсэн үг юм.
Японы парламентын гишүүдийн 4.7 хувь нь 100 сая иенээс дээш хэмжээний хөрөнгө мэдүүлжээ. Харин Монголын парламентын гишүүдийн 50 хувь нь ийм хэмжээний хөрөнгөтэй байна.
Японы парламентын хамгийн баян гишүүн Таро Асогийн хөрөнгийн хэмжээ $4 сая орчим байгаа бол Монголын парламентын хамгийн баян гишүүн Ц.Мөнх-Оргилын хөрөнгийн хэмжээ $5.4 саяар үнэлэгджээ.
Харин ганцхан үзүүлэлт Монгол, Японы парламентын хооронд ижил байгаа нь хамгийн баян 10 гишүүн доторх намын харьяаллын харьцаа юм.
Японы парламентын хамгийн баян 10 гишүүний 8 нь эрх баригч Либерал ардчилсан намын төлөөлөл байгаа бол Монголын парламентын хамгийн баян 10 гишүүний мөн адил 8 нь МАН-ын харьяалалтай байна.
Сонирхуулахад Япон улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ $32,800 орчим буюу Монгол улсынхаас ($6,660) тав дахин өндөр юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!