Өнгөрсөн оны аравдугаар сард сонгогдсон Японы парламентын доод танхимын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг нийтлэгджээ.
Ингэхэд дундаж гишүүний мэдүүлэх үүрэгтэй санхүүгийн болон үл хөдлөх хөрөнгийн нийт хэмжээ 26.85 сая иен ($183,800) болсон нь ийм тайлан гарч эхэлсэн 1993 оноос хойших хугацааны хамгийн доод түвшинд хүрсэн тохиолдол юм байна.
2022 онд нийтлэгдсэн өмнөх тайлангийн дунджаас 2.39 сая иенээр буурчээ.
Парламентын доод танхимын 465 гишүүнээс 22 нь 100 сая иенээс ($680,000) дээш хэмжээний хөрөнгөтэй байгаа нь өмнөх тайланд дурдагдсанаас дөрвөөр буурсан тохиолдол болсон байна.
Бас 97 гишүүн ямар нэг мэдүүлэх хөрөнгөгүй байсан нь өмнөхөөсөө 17-оор нэмэгджээ.
Анх удаа парламентад сонгогдсон 99 гишүүний хөрөнгийн дундаж хэмжээ 9.82 сая иен болж, өмнөхөөсөө бараг хоёр дахин буурсан байна.
Тэдгээрийн гуравны нэг орчим нь мэдүүлэх ямар нэг санхүүгийн болон үл хөдлөх хөрөнгөгүй байжээ.
Ерөнхий сайд асан, эрх баригч Либерал Ардчилсан намын ахлах зөвлөх Таро Асо 601.53 сая иенийн ($4 сая) хөрөнгөөр гишүүдийг тэргүүлсэн байна.
Хамгийн баян 10 гишүүний найм нь эрх баригч намын төлөөлөл байжээ.
Намуудын дарга нарыг хөрөнгийн хэмжээгээр нь эрэмбэлэхэд Либерал Ардчилсан намын дарга, ерөнхий сайд Шигерү Ишиба 15.55 сая иенийн хөрөнгөөр дөрөвдүгээрт жагссан байна.
Эрх баригч намын эвслийн түнш Комэйто намын дарга Тэцүо Сайто 220.44 сая иенийн хөрөнгөөр намын дарга нарыг тэргүүлжээ.
Намын харьяаллаар нь гишүүдийн хөрөнгийг хэмжээг дундажлахад 53.83 сая иентэй Социал Демократ нам тэргүүлж, эрх баригч Либерал Ардчилсан нам 41.86 сая иенээр удаалсан байна.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
|